Монгол Улсын хийн түлшний хэрэглээ 45-50 мянган  тонн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-14 11:19:37

Хийн түлшний хэрэглээний аюулгүй ажиллагааг хангах, тээвэрлэлт, хадгалалт, түгээлт, борлуулалт зэрэг үйл ажиллагаанд тавигдах стандарт, норм дүрмийг шинэчлэх зорилгоор өнөөдөр УУЯ болон Шингэрүүлсэн шатдаг хийн аж ахуй эрхлэгчдийн холбоо (ШШХААЭХ)-той хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Монгол Улсад хийн түлшний хэрэглээ 2001 оноос нэвтэрчээ. Эхэн үедээ айл өрх, ресторанууд ахиун орчинд ашигладаг байсан бол сүүлийн жилүүдэд автомашинд ашиглах нь нэмэгджээ. Энэ нь шатдаг хий болон түүгээр ажилладаг автомашиныг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөнтэй холбоотой аж.

2012 оны байдлаар жилд Монгол Улс 15-20 мянган тонн шатдаг хий хэрэглэдэг байсан бол өнгөрсөн онд 45-50 мянган тонн болсон байна. Хэрэглээ өсөхтэй холбогдуулан ахуйн болон үйлдвэрлэлийн осол гарах нь нэмэгдсэн тул шингэрүүлсэн хийн хэрэглээтэй холбоотой норм, стандартуудыг шинэчлэх шаардлага бий болсоныг УУЯ-ны Түлшний бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн хэллээ.

Тэрбээр, “Шингэрүүлсэн хийн хэрэглээ Улаанбаатарт төдийгүй орон нутагт ч нэмэгдэж байна. Энэ нь аялал жуулчлалын салбар хөгжиж байгаатай холбоотой юм. Мөн Засгийн газрын тогтоолоор Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр барих болж, Аж үйлдвэрийн яам төсөл боловсруулж байна. Газрын тос боловсруулахад их хэмжээний шатдаг хий гардаг тул энэ чиглэлийнх нь ажлыг ч мөн давхар шийдвэрлэх байх. Тиймээс Монгол Улс шатдаг хийн хэрэглээтэй холбоотой норм, дүрм, стандартуудаа яаралтай шинэчлэх шаардала бий болоод байна” хэмээв.

Санамж бичигт УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, ШШХААЭХ-ны Ерөнхийлөгч Н.Баатаржав нар гарын үсэг зурлаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻