“Бичиг занги” ТББ-аас малчдад туслах аян эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-14 14:04:09

Сэтгүүлчдийн нэгдсэн “Бичиг занги” ТББ-аас “Өвөрхөнгайн малчдад тусалъя” сайн үйлсийн аяныг өнөөдөр эхлүүлснээ зарлав.

Өвөрхөнгай аймгийн хангайн бүсийн зарим нутагт энэ жил цас их унаснаас хаваржилт хүндэрч, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сум зудын байдалд хүрсэн байна. Тиймээс “Чадах бүхнээрээ тусалъя” уриатай уг аянд нэгдэж, лаа, шүдэнз, бээлий, өвс, хивэг, мөнгөн тусламж гээд чадах бүхнээрээ туслахыг зохион байгуулагчдын зүгээс уриалсан юм. Энэхүү аян нь ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэлх 20 хоногийн хугацаанд үргэлжлэх гэнэ.

Үндэсний мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хуралд XX зууны манлай тамирчин, хөдөлмөрийн баатар З.Ойдов, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Шагдарсүрэн, улсын начин Б.Сангисүрэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо, Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, “Бичиг занги” ТББ-ын тэргүүн А.Бүрэнбаатар нар оролцов.

Э.Бат-Уянга

相关新闻