Орон нутгийн өмчийн алба Засаг даргын мэдэлд шилжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-14 16:43:49

Дундговь аймгийн ИТХ- ын дэргэд ажиллаж байсан Орон нутгийн өмчийн албыг Засаг даргын эрхлэх асуудлын харъяанд шилжүүлэх тухай шийдвэрийг ИТХ-ын тэргүүлэгчид гаргасан байна.

Өнгөрөгч оны 11 дүгээр сард Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “ Нутгийн өөрөө удирдах байгууллагад орон нутгийн өмчийн асуудал хариуцсан ажилтан буюу ажлын алба уг ажлыг эрхэлнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. УИХ- аас Монгол Улсын 2016 оны төсвийг батлахдаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлаар зарчмын өөрчлөлтийг ч тусгасан байна. Иймээс аймгийн ИТХ- ын дэргэд ажилладаг Орон нутгийн өмчийн албыг ийнхүү Засаг даргын эрхлэх асуудлын харъяанд шилжүүлэх шийдвэрийг гаргажээ.

Дундговь аймгийн хувьд ИТХ- ын харъяанд орон нутгийн өмчийн асуудал хариуцсан нэг ажилтан ажиллаж байгаад 2012 оноос 3 хүний бүрэлдэхүүнтэй алба болон өргөжсөн. Өдгөө тус алба орон нутгийн мэдлийн 126 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулан ажилладаг байна.

Ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Орон нутгийн өмчийн алба аймгийн Засаг даргын харъяанд ажиллаж эхэлнэ.

Т. Отгонтуяа

 

相关新闻