МУБИС-ийн оюутнууд олон улсын стандарт хангасан шинэ номын сантай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-28 18:46:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургууль /МБУС/-ийн номын сангийн өргөтгөлийг өнөөдөр нээлээ. Тус өргөтгөл нь нийт 424.8 хавтгай дөрвөлжин талбай бүхий 200 хүний багтаамжтай аж. 

Анх тус номын сан 1992 онд ашиглалтад орсон ч засвар, шинэчлэл хийгээгүй өдийг хүрсэн бөгөөд 140 хүний багтаамжтай байв. Дээрх өргөтгөл нь хоёр давхар бөгөөд нийт 340 гаруй оюутан хүлээн авах боломж бүрдүүлжээ. 



МУБИС-ийн МБУС-ийн захирал, дэд профессор О.Алтангоо, “МБУС нь нийт 3000 гаруй оюутантай. Энэхүү шинэ номын сан оюутнуудын тав тухыг бүрэн хангахуйц, буйдан, зөөлөн сандал, ширээтэй. Өмнө нь оюутнууд хатуу модон сандал, ширээнд сууж хичээлээ давтдаг байсан. Одоо тав тухтай орчинд хичээллэхээс гадна оюутнууд цахим систем ашиглан эрж буй номоо шуурхай олох боломжтой боллоо. Мөн оюутнуудад ном ашиглах соёлыг олгож эхэлсэн төдийгүй номыг цаасан хэлбэрээр бус, таблет ашиглан электрон хэлбэрээр унших боломжийг бүрдүүлсэн" гэв.



Тус сургуулийн шинэхэн номын сан нь олон улсын стандартыг нэвтрүүлснээрээ давуу бөгөөд, зөвхөн МУБИС гэлтгүй, бүх сургуулийн оюутнуудад нээлттэй юм байна.

Д.Урансолонго

相关新闻