Хил дамнасан зоонозын халдвар гарах эрсдэл их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-29 14:47:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд, Эрээний боомт орчмын хилийн бүсэд үүсээд буй нөхцөл байдал, хил дамнасан халдвар гарах эрсдэл өндөр байгааг тогтоох, хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр тогтлоо.

Энэхүү “Монгол-БНХАУ-ын хил дагуу 2018 онд хийсэн хамтарсан тандалт судалгааны үр дүн, тарваган тахал өвчний хил дамнан халдварлах эрсдэлийн үнэлгээ” сэдэвт хамтарсан уулзалт Хөх хотод болов. Уулзалтаар 2018 онд хоёр улсын хил орчимд явуулсан хамтарсан судалгааны дүн, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.

Тухайлбал, 2019 онд хоёр тал хамтран Замын-Үүд, Эрээний боомтын дагуу хилийн зурваст гүнзгийрүүлсэн тандалт судалгааг 5,9 дүгээр сард хийх,  6 дугаар сард тус боомтуудад тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчлөл, хил дамнан халдварлах зоонозын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар хамтарсан дадлага сургууль хийх, хоёр улсын хил дагуу тарваган тахлын голомт идэвхжиж буйтай холбогдуулан Бичигт, Сүмбэр боомтын дагуу хандалт судалгаа хийх аж. Мөн Шинжаан Уйгарын өөртөө засах оронтой хиллэж буй боомтын дагуу тандалт судалгаа хийх асуудлыг судалж шийдвэр гаргах, Бүс ба зам хөтөлбөрийн хүрээнд эмч мэргэжилтнүүдийг сургах, харилцан солилцож ажиллах, Хятадын хамтарсан вируслогийн лабораторийн барилга байгууламж, бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх, Замын-Үүд, Эрээний боомтыг дэлхийн хуурай замын анхны жишиг эрүүл боомт болгох ажлыг хамтран эхлүүлэх, 2019 оны 10 дугаар сард тандалт судалгааны дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэх зэрэг ажлыг хийхээр тохиролцлоо.

Уулзалтад Хөх хотын гаалийн газар, ЗӨСҮТ, ЗӨСТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцов.

 

相关新闻