“Сэтгэлийн 1000 донор” аяныг дэмжин, цусаа хандивлахыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-ын залуус ЦССҮТ-тэй хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй "Сэтгэлийн 1000 донор" аяны нээлт өнөөдөр боллоо.
Сайн үйлсийн төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн залуус таван жилийн өмнө энэхүү
ТББ-ыг үүсгэн байгуулжээ. Тус ТББ-ын тэргүүн Д.Ганзориг хэлэхдээ, “Энэхүү аяныг жил
бүрийн 2 дугаар сарын 3-нд тогтмол зохион
байгуулж, ЦССҮТ-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, олон
нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг
алдаршуулах, донорын үйлсийг түгээн сурталчлах зорилгоор энэхүү аяныг зохион
байгуулж байна. Тиймээс цусны донорууд, сайн дурын идэвхтэн, ард иргэд,
оюутан залуусыг сайн үйлсийн аяныг дэмжин, бусдын амь насыг аврахын
төлөө цусаа бэлэглэхийг уриалж байна” гэв.
Энэ өдөр ЦССҮТ уламжлал ёсоор ачтан
доноруудаа шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, М.Оюунбаярт "Хүрэл
донор", Н.Баасандамба, С.Лувсансамбуу нарт "Мөнгөн донор" цол
тус тус хүртээв. Мөн "Бахархал 10" тэмдгээр З.Нанжид,
"Бахархал 20" тэмдгээр Д.Даваасүрэн, "Бахархал 30" тэмдгээр
Б.Өнөрцэцэг, "Бахархал 40" тэмдгээр Г.Тайванбаатар, "Бахархал
50" тэмдгээр Д.Азжаргал нарын донорыг тус тус шагнав.
Мөн энэ үеэр ЦССҮТ-ийн Технологийн тасаг тус төвд
үйлдвэрлэн гаргаж байгаа цус, цусан бүтээгдэхүүний талаар танилцууллаа.