Бүх шатны сургуульд суралцагсдын тоо саяд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Статистик мэдээгээр, улсын хэмжээнд бүх
шатны сургуульд суралцагчид 2018-2019 оны хичээлийн жилийн эхэнд нэг саяд хүрч,
өмнөх оноос 28.6 мянгаар өсжээ.
Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 1435
цэцэрлэгт 261.3 мянган хүүхэд хүмүүжиж байна. Ноднингийнхоос цэцэрлэгийн тоо
19-өөр, хүүхдийн тоо 4.6-аар мянгаар нэмэгдсэн байна. Цэцэрлэгийн
бүлгийн тоо 7903 болж, өнгөрсөн оноос 95-аар нэмэгдлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2018-2019
оны хичээлийн жилд 72.2 мянган хүүхэд элсэн орсон нь өнгөрсөн оныхоос 4.3 мянган
хүүхдээр нэмэгджээ. Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд нийт 34.7
мянган сурагч амьдарч байгаагийн 17.9 мянга нь эмэгтэй, 26.4 мянга нь малчдын
хүүхэд байна.
Их, дээд сургууль, коллежид 157.6 мянган оюутан суралцаж байгаа нь өмнөх оныхоос 2.4 мянгаар өссөн байна. Их, дээд сургууль, коллежид суралцагчдын 130.5 мянга нь бакалаврын сургалтад хамрагдаж байна.
Энэ хичээлийн жилд мэргэжлийн боловсрол, сургалтын 86
байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн өмчийн, 35 нь хувийн
өмчийн сургууль байна. Нийт сургуулийн 52 нь бие даасан, 18 нь коллежийн, тав нь дээд сургуулийн, 11 нь их сургуулийн
харьяа байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчид
2018-2019 оны хичээлийн жилд 37.0 мянга болж, өмнөх оныхоос 1.2 мянгаар
нэмэгджээ. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 94 их, дээд сургууль, коллеж үйл
ажиллагаа явуулж байгаагийн 18 нь төрийн өмчийн, 73 нь төрийн бус өмчийн, гурав
нь гадаадын их сургуулийн салбар байна. Улаанбаатар хотод 86, хөдөө орон нутагт
найман их, дээд сургууль, коллеж байна.