Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны гурван хүүхэд өвчилсөн байна. Өвчлөлийн тохиолдол бүрт голомтод нь шуурхай арга хэмжээ авч ажиллалаа хэмээн НЭМГ мэдээлэв.
Тиймээс уг өвчний эрсдэлтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан,
дэгдэхээс урьдчилан сэргийлж НЭМГ-аас ХӨСҮТ-тэй хамтран эмч, эмнэлгийн
мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж
ажиллах талаар сургалт зохион
байгууллаа.
Сургалтад нийслэлийн
түргэн тусламжийн төв, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн дөрвөн
эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, өрхийн менежер, хүүхдийн ерөнхий
зохицуулагч, хүүхэд, өсвөр үе, нярайн эмч, хүлээн авах, яаралтай тусламж,
сэхээн амьдруулах тасгийн эмч, халдвар судлаач, өрх, тосгоны эрүүл мэндийн
төвийн эмч нараас бүрдсэн нийт 1020 хүн оролцов.
Энэ хүрээнд менингококкт халдвар гарсан тохиолдолд
мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдвараас ялган
оношлох, нян судлалын шинжилгээнд сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх, тархвар
зүйн тандалт, голомтонд авах хариу арга хэмжээ, эмчилгээ үйлчилгээнд
шаардагдах эм тариа, хэрэглэлийн нөөцийн бэлэн байдлыг хянаж ажиллах
талаар мэдээлэл өгсөн юм.
Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар
500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн
судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван
удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.
Сүүлийн таван жилд менингококкт халдвараар Орхон,
Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 5
хүртэлх насны хүүхдүүд өвджээ. Уг өвчин 3-4 дүгээр сар болон 9-11
дүгээр сард зонхилон тархаж, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар
үүсгэгддэг. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халддаг
учир олон хүнд тархах, тэр хэрээр олон хүний амь нас хохирох эрсдэлтэй өвчин юм.