Жил бүр ихэр төлөөр сүргээ сэлбэдэг эзэндээ ээлтэй хонь
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн малчин Х.Өнөрпоз, Х.Гулжамал нарын хотноос сүүлийн 6 жил дараалан ихэр хурга төрүүлж, малчин эзнээ баясгаж, сүрэг арвижуулж байгаа буянт мал бий.
Жил дараалан ихэрлэдэг улаан зүсмийн цагаан өнгийн ууцан сүүлтэй хонь 2009 онд хоёр ихэр хурга төрүүлснээс хойш дараалан жил гурван ихэр хурга төрүүлжээ. Ихэр төлөөр сүргээ сэлбэдэг хонь зургаан жилийн хугацаанд 15 хурга гаргаж, эсэн мэнд бойжиж малчин эзнийхээ магнайг тэнийлгэжээ.
Малчин Х.Өнөрпоз айлчлан ирж буй энх улиралд “байгаль дэлхий минь уургүй номхон, уцааргүй дөлгөөн байж, мал төл минь энх тунх бойжих нь малчин бидний хүсэл мөрөөдөл тэр шүү дээ” гэж ярилаа.
Тэднийх жил дараалан ихэр хурга төрүүлдэг эзэндээ ээлтэй хониндоо хайртай төдийгүй тусад нь нэмэлт тэжээл өгч торддог байна.
А.Бямбасүрэн