Шар усны үертэй гудамжинд далан барихад 500-600 сая төгрөг хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-03-16 15:48:42

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 418 өрхөөс 300 гаруй нь шар усны үерт автаад байна. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны иргэдтэй уулзаж, шар усны үерт автсан айл өрхийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. Өнөөдрийн байдлаар тус хорооны 300 гаруй айл шар усны үерт автаад байгаа бөгөөд нэн даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай 10 айл байгааг хорооны Засаг дарга Б.Сэлэнгэ тайлбарлажээ. 

Л.Эрдэнэчимэг гишүүн энэ үеэр "Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны иргэд шар усны үерт автаж байна гэсэн гомдол сүүлийн хоёр жил надад ирж байгаа. Өнгөрсөн жилийн төсөвт 100 сая төгрөг суулгуулсан ч энэ төсвөөр далан, шуудуу барих ажлыг хийх компани байхгүй байна. Энэ орчмыг үерээс хамгаалахын тулд гудамж бүрт ус зайлуулах далан барих шаардлагатай бөгөөд энэ ажлыг хийхэд 500-600 сая төгрөг хэрэгтэй. Нийслэл болон улсын төсөвт дээрх мөнгийг суулгуулж байж асуудал шийдэгдэнэ" гэлээ.

Мөн тэрээр энэ орчимд дахин төлөвлөлт хийх боломжтой ч одоогийн байдлаар компаниуд шалгараагүй мөн иргэдтэй тохиролцоонд хүрээгүй байгаагаас орон сууцжуулах ажил хийгдэхгүй байна гэдгийг хэллээ. 

Тус газарт Онцгой байдлын ерөнхий газар болон дүүрэг, хороодтой хамтарч элсээр дүүргэлт хийх, усыг нь соруулж авах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн аж. 

Н.Туяа

相关新闻