П.Төмөрцэцэг: Бурууг бусдад тохож, өөрөөсөө түлхэх биш тэвчих, хүлээцтэй байх нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. “Тэнгэрлэг ертөнц далд ухамсар” төвийн тэргүүн П.Төмөрцэцэгтэй эерүү зөв бодол тээхийн ухааны талаар ярилцлаа.
-Шинэ ондоо хийхээр бодож төлөвлөсөн зүйлээсээ
хуваалцаач?
-Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдээ илүү их дэмжиж ажиллах зорилготой байна. Эмэгтэй хүн бол энэ ертөнцийг гийгүүлж гэрэлтүүлэхээр ирсэн байдаг. Айлын гэргий амар амгалан, сэтгэл түвшин, ааль, аяг эерүү зөөлөн байвал тухайн айл сайн сайхан, аз жаргалтай байж чадна. Тэгээд ч аз жаргал, дотоод амгалангаа эрэлхийлсэн, эсвэл сэтгэл санааны дэм, сайн сайхныг хүссэн эмэгтэйчүүд надад голчлон ханддаг. Би тэдэнд анд нөхөр шиг нь, ээж аав шиг нь хандаж сэтгэлийн дэм өгдөг болохоор илүү их зүйл хийгээч, илүү олон эмэгтэйчүүдийг хамруулаач гэсэн санал ирдэг учраас энэ тал руугаа түлхүү ажиллах шаардлагатай болоод байна.
-Хүмүүс ер нь юуг эрж хайж, таныг зорих юм?
-Над дээр сэтгэлийн дэм, энэрэл ухаарал хайж, аз жаргалыг эрж ирдэг дээ. Сөрөг бодол орж ирэхгүй байна гэж байхгүй. Тэрийг л харин тогтоож анхаарч, хүлээж авч болохгүй. Сайхан энергитэй хүмүүс байнгын инээсэн, баярласан байдаг бол сөрөг энергитэй хүмүүс уурласан, төвөгшөөсөн байдалтай байдаг.
-Өөрчлөлтийг өөрөөсөө эрэх хэрэгтэй л гэх юм?
-Хүний бодол хязгааргүй байдаг. Хүнд өдөрт жаран мянган бодол орж ирдэг байна л даа. Энэ бодлыг л эерэг болгочих юм бол хүн их амар амгаланг олох юм. Өөрөөр хэлбэл, бодлоо удирдаж сурна гэсэн үг. Гудамжинд нэг хүнтэй таагүй харьцчихсан бол тэрийгээ мартаж чаддаггүй, бодоод стресстээд л байдаг. Тэрийгээ л мартчих хэрэгтэй. Тэр мууг тэгж хэлдэг байж, тэр намайг тэгж хэлээд байх даа яадаг юм, тэрэнд тэгж доромжлуулахгүй гэх мэтээр сөрөг зүйлийг бодоод л байна. Ийм бодол тээсэн хүн ойр орчны хүмүүстээ болон гэр бүлийнхэнтэйгээ бухимдалтай харьцдаг. Уураа гаргадаг. Ингээд л гэр бүлийн таагүй уур амьсгал үргэлжилдэг, бүр үүнээсээ гарч чадахгүй болохоороо бүхнийг болохгүй бүтэхгүй талаас нь хараад эхэлдэг. Уг нь ингэж өөрийгөө болоод бусдыг, ялангуяа хамгийн хайртай гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг эвдэхийн оронд сөрөг зүйлээс ангид байж, өөртөө шингээхээ л больчих. Эхэндээ хэцүү мэт байвч хичээвэл сурдаг л юм. Би ч ийм л хүн байсан. Хүн бүрт гомдомхой, энэ ч болохгүй, тэр ч бүтэхгүй байна гэж гоншигонодог, бусдад буруугаа нялзаадаг л байсан. Гэхдээ энэ бүхнийгээ ялан дийлж, өөрийгөө өөрчилж, бодлоо эерүүлж чадсан учраас гэгээлэг болж чадсан.
-Ийм амархан уу?
-Тийм ч амархан бодлоо удирдаад сурчихгүй л дээ. Гэхдээ хичээх юм бол бүтэхгүй болохгүй зүйл энэ орчлонд байдаггүй. Хүний хамгийн том дайсан дотор нь нуугдаж байдаг. Гадна хэн нэгэн хүн, чамд муу санадаг хүн ч чиний дайсан биш. Гагцхүү энэ миний дайсан шүү, үүнээс би дээр байх ёстой гээд бодоод байгаа дотор хүн чинь буюу чи өөрөө л өөрийнхөө дайсан. Саар зүйлийг ч эерэг болгоод сурчих хэрэгтэй. Ямар ч зүйлд сайн тал заавал байдаг. Тэрийг л олж хараад, эерэг хандаад сурчихвал илүү аз жаргалтай болно.
-Хүний хамгийн том дайсан хэн юм бэ?
-Хүн бодлоороо өөртөө дайсагначихдаг. Хэн нэгэнд гомдсон гомдол, үзэн ядалтаа дотроо бодоод шаналаад, хүчирхэгжүүлээд, тэрнийхээ эсрэг тэмцээд эхэлдэг. Нөгөө хүнтэйгээ биш өөртэйгөө тэмцээд эхэлдэг. Ингэхээр хүн бухимдана, стресстэнэ эцсийн эцэст та л хохирно. Тэгэхээр хүний хамгийн том дайсан та өөрөө буюу, таны захирч чадахгүй байгаа тэр дотор хүн чинь юм.
-Эрүүл мэндэд бодол санаа нөлөөлдөг зүйл ч гэж сүүлийн
үед их ярих болж?
-Эрүүл мэндэд нөлөөлдөг гурав дахь хүчин зүйл бол сэтгэлзүй яах аргагүй мөн. Бодол биелэг гээд байгаагийн нэг жишээ энэ юм. Хорлох дайсан гэж хүнд үгүй. Харин уур уцаар, атаа хорсол, хардах, өширхөх, омгорхох зэрэг хар муу сэтгэл, шуналын сэтгэлээ л хазаарлах хэрэгтэй. Сэтгэл тайван амгалан байх нь эрүүл байхын нэг үндсэн нөхцөл мөн. Үүнд орчин их нөлөөлдөг. Иймд юуны өмнө өөртөө, гэр орондоо таатай орчин бүрдүүлэх нь танаас өөрөөс тань л хамаарах зүйл юм. Үүнийг л бодоод л явах биш үйлдэл болгох хэрэгтэй.
-Амьдрал дээр санаа зовох асуудал цөөнгүй байдаг шүү?
-Мэдээж тэгэлгүй яахав. Бид өдөр болгон цаг ямагт янз бүрийн асуудлуудтай тулгарч эерэг сөрөг мэдрэмжүүдийг авч байдаг. Тэр бүрт сэтгэл санаа үймэрч, хоол унданд дургүйлхэж, стресс үүсдэг. Энэ нь эрүүл мэндэд маш муу. Ийм учраас сэтгэлийн хямралаа аль болох хурдан зохицуулж сурах нь чухал. Ингэхийн тулд сайхан, эерэг сэтгэлтэй хүмүүстэй уулзаж, гэрэл гэгээтэй сайхан юм ярилцаж байх, үзвэр үзэх, мөрөөдөх гэх мэт олон аргуудыг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Бурууг бусдад тохох биш, өөрөөсөө түлхэх биш тэвчих, хүлээцтэй байх зэрэг нь таны нөгөө дотор байх дайснаа дарахад их нөлөө үзүүлнэ.
-Танай сургалтын төв байгуулагдаад багагүй хугацаа
өнгөрлөө? Олон хүн хамрагдсан уу?
-Оны өмнөхөн 14 хүн суугаад, маш их сэтгэл ханамжтай байгаа. Мэдээж өөрийнх нь харилцаа хандлагад гарсан өөрчлөлтүүд бусдад мэдрэгдэж байгааг онцлоод баярласан сэтгэлээ илэрхийлж байна. Дараагийн шатны хичээлүүдээ нэхээд л байна.
-Оны сүүлчээр хандивын аян өрнүүлж байсан? Юу болсон бэ?
-Өө тэгэлгүй яахав. Эрдэнэбулган сумынхаа төвийн таван багаас хэд хэдэн ахмад настан баярлууллаа. Тусалж дэмжсэн хүмүүс олон байлаа. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Арай нэг өөрөөр амьдралыг хараад, сэтгээд ирэхээр хүмүүст туслах юмсан гэх бодол их төрдөг юм байна. Хэн нэгэнд тусална, баярлуулна гэхээр би өөрөө их баярлаж, сайхан мэдрэмж төрдөг. Өнөөдрийн нийгэмд хэдэн хөгшид маань тэтгэврийн зээл авчихсан, үр хүүхэддээ өгчихсөн ядруухан байдалтай л байна. Сар шинээ сайхан угтах гээд боломжгүй, сэтгэл гундуухан суугаа буурай нараа баярлууллаа. Сайхан сэтгэлтэй хүмүүс олон байна шүү. Хоёр кг чихэр, халуун сав, аяга тавагнаас авахуулаад л байгаа бүхнээрээ тусламжийн гараа сунгасан хүмүүс, найз нөхөддөө чин сэтгэлээсээ талархсанаа дамжуулъя. Хотоос хүртэл компанийн захирал, сайхан сэтгэлт хүмүүс холбогдож тусалсан. Энэ олон хүмүүсийн буянаар наяад буурайд бэлэг хүргэлээ.
-Та яагаад ингээд байнга л бэлэг тараагаад байна? Арай
сонгуульд бэлтгээд байгаа юм биш биз?
-/Инээв/ Магадгүй олон хүн ийм жишгээр улстөрд орж ирдэг, дарга цэрэг болохоороо бэлэг тараадаг болохоор ингэж асуух чинь зөв байх. Эгчид нь ямар ч тийм санаа оноо байхгүй. Ямар ч нам сонирхдоггүй, ямар ч намын гишүүн биш. Миний хүсэл мөрөөдөл, хүн болж төрсний нэг зорилго бусдыг баярлуулах. Хэзээ ч улстөрд орохгүй гэдгээ баттай хэлж чадна. Хүн байгаа үед хэн ч бусдын төлөө цохилох зүрхтэй байх хэрэгтэй.
-Хариу нэхээгүй тус гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Тэгж ойлгож болно.
-Зөн билгийн тулаанд орсноос тань хойш энд тэндхийн
хүмүүс таныг сураглаад байсан?
-Тулааны сорилтод олны танил хүмүүс оролцож байсан. Тэр хүмүүс тэмцээний дараа уулзахыг хүсч, сурагласан байсан. Эхнээс нь уулзсан.
-Бид хоёрын ярилцлага өндөрлөж байна?
-За баярлалаа. Хүмүүс надаас байнга хүсдэг зүйл бол сэтгэлийн амар амгалан юм. Тэр болгон бүх хүнтэй уулзаж чадахгүй учраас ном гаргахаар төлөвлөөд байна. Ном маань мэдээж хэрхэн сайн сайхан бодол боддог болох, сөрөг бодлоос ангижирч чадах, бусдын сайн сайхныг олж харж чаддаг болох тэр л арга замуудыг өөрийн туршлага, туулж ирсэн замаасаа оруулан бэлтгэж байна даа.
-Амжилт хүсье.