Ерөнхийлөгч Х.Баттулга долоон эрдэмтэнд академич хэргэм хүртээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-02-27 13:18:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээх тухай зарлиг гаргаж,  Монгол Улсын ШУА-ийн Их чуулганаас сонгогдсон эрдэмтдэд өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд академич хэргэм хүртээв.

Дэлхийн болон өөрийн орны шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үйлсэд эрдэмтдийн оруулж буй хувь нэмрийг төрөөс хүндэтгэх, ШУА-ийн гишүүний нэр алдрыг өргөмжлөх, эрдэм судлалын ажлыг урамшуулах зорилгоор 2005 оноос эхлэн Монгол Улсын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд Монгол Улсын Ерөнхийлөгч “Академич” цол хүртээж байхаар болсон юм.

Энэ дагуу өнгөрсөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр ШУА-ийн ээлжит Их чуулган болж, доктор Б.Авид Б.Бурмаажав, С.Дэмбэрэл, С.Чулуун, О.Чулуунбаатар, Р.Шагдарсүрэн, Х.Энхжаргал нарыг академийн гишүүнээр сонгожээ.

Монгол Улсын ШУА-ийн өргөн мэдүүлснээр дээрх нэр бүхий эрдэмтэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Академич” хэргэм хүртээж, үг хэлэхдээ, “Сайн нийгэм, өндөр хөгжлийн үндэс зөвхөн эрдэм шинжилгээ, эрдэмтдийн судалгаанд л байдаг. Өнөөдөр хими, химийн технологигүй, инновацигүй, анагаах ухааны судалгаагүй эрүүл монгол хүн буй болохгүй, од эрхэс, геологийн цогц судалгаагүйгээр зөв уул уурхай хөгжихгүй, түүх соёлгүйгээр үнэ цэнэтэй Монгол Улсыг буй болгохгүй, техник технологийн зөв шийдэлгүйгээр орчин үеийн өндөр технологи эзэмшиж чадахгүй. Тэгвэл өнөөдөр академич хэргэм олгож буй эрдэмтэн судлаачид маань өөр, өөрийн судалгаа шинжилгээг дээрх олон чиглэлийг зөв хөгжүүлэх үндсэн судалгааг нөр их хөдөлмөрөөрөө хийсэн. Цаашид ч та бүхний эрдэм судлалын үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд асар чухал юм.  Харин төр засаг аливаа ажил бүрээ эрдэм судалгааны зөв үр дүнд тулгуурлан, эрдэмтэн судлаачдаа өргөнөөр ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Ингэж байж улс орноо зөв, богино хугацаанд хөгжүүлж чадах учир эрдэмтдийг төлөөлүүлэн энэ хүндэт шагналыг гардуулан өгч байна. Эрдэм судлал улам бүр өргөжих болтугай” гэлээ.

相关新闻