Хөрөнгийн зах зээлийн татваруудыг чөлөөлөх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-18 13:06:44

Томоохон аж ахуйн нэгжүүд зах зээлд хувьцаагаа борлуулахгүй байгаагаас Монгол Улсад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа талаар ЖАЙКА-гийн зөвлөх Рьета Шугишита өнөөдөр болсон “Хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хоёр дахь семинарын үеэр онцлов.

Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилго бүхий уг төслийг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), ЖАЙКА-тай хамтран 3 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд СЗХ болон ЖАЙКА хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгаа хийж, уг салбарын 10 албан хаагчийг Япон улсад сургасан байна.

Сүүлийн жилүүдэд үүсээд буй эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан бүх салбар уналттай байгаа. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн МИК, Монгол Шуудан зэрэг аж ахуйн нэгжүүд хувьцаагаа арилжаалж эхэлснээр энэ салбар хөгжих шинэ тулгуур болсон хэмээн СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Э.Батболд семинарын үеэр онцлов.

Тэрбээр, “Монгол Улсад хөрөнгийн зах зээлийн салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд аж ахуйн нэгжүүдэд итгэлцэл бий болох шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд хувьцаагаа борлуулснаар санхүүгийн эрсдэлд орох вий гэсэн айдастай байна. Үүнийг шийдвэрлэх гарц нь Аж ахуйн нэгжийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юм. Уг хуульд заасан худалдан авсан хувьцаагаа борлуулахад үүсч буй ханшийн зөрүүнээс авдаг татвар болон хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгаас авдаг татвар зэрэг Хөрөнгийн зах зээл холбогдох бүхий л татварыг чөлөөлөх саналыг УИХ-д хүргүүлсэн. Бидний саналыг нааштайгаар хүлээн авч, шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Аж ахуйн нэгжүүд хувьцаагаа нийтэд борлуулснаар хөрөнгө босгох томоохон боломж бүрддэг. Гэвч Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд оролцохгүй байгаа төдийгүй Хөрөнгийн биржид ердөө ТОП-20 компани байгаа нь энэ салбар төдийлөн хөгжиж чадахгүй байгааг харуулж байна. Тиймээс Монгол Улс нэн тэргүүн компаниудад хөрөнгийн зах зээлд хувьцаагаа нийлүүлснээр ямар давуу тал бий болдгийг сурталчлан таниулах шаардлагатай хэмээн ЖАЙКА-гийн зөвлөх Рьёта Шугишита хэллээ.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 компани бий. Үүнээс өдөр тутамд хувьцаагаа арижлаалж буй 20 компаниас бусад байгууллага арилжаанд идэвхтэй оролцдоггүй аж. Мөн иргэд ч хувьцаа болон түүнээс хүртэх ашгийн талаар мэдлэг хомс байгаа юм. Тиймээс иргэн, аж ахуйн нэгжид хувьцааны үр дүнгийн талаар сурталчлан таниулах ажлыг холбогдох байгууллагуудаас явуулах шаардлагатай байгааг семинарт оролцогчид хэлж байлаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻