Залуус Япон улсын түүх соёл, ёс заншилтай танилцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. “JENESYS 2018” Япон улсын хүүхэд залуусын солилцооны хөтөлбөрийн хүрээнд 91 залуу Япон улсад энэ сарын 10-17-ныг хүртэл зочилно.
Оролцогчид эхлээд Токио хотод, дараа нь гурван багт
хуваагдан Нагасаки, Кумамото, Канагава мужид тус тус зочлох юм. Тухайн мужийн түүхэн
дурсгалт газрууд болон алдартай компаниудаар орж танилцах бөгөөд Япон айлд
амьдарч орон нутгийн иргэдтэй санал бодлоо солилцох аж.
Мөн Япон улсын түүх, уламжлалт ёс заншил, орчин үеийн
шинэ техник технологийн талаар мэдэж авах юм.
Тус хөтөлбөр нь Япон орныг Монгол Улсад таниулан
сурталчлах, Япон, Ази-Номхон далайн орнууд хоорондын
ард иргэдийн найрамдалт харилцааг өргөжүүлэн дэмжих, олон нийтэд
мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйд тухайн салбартаа амжилт гаргах
магадлалтай хүүхэд залуусыг урин тус улсын төр, эдийн засаг, нийгэм, соёл,
түүх, дипломатын талаарх ойлголтыг олгох зорилготой.