“Welcome to Mongolia” тэргүүн байр эзэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-11 18:53:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын томоохонд тооцогддог олон улсын “ITB Berlin-2019” үзэсгэлэнд манай улсаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр тэргүүтэй төр, хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөгч оролцоод ирлээ.

ITB Berlin-2019” үзэсгэлэнгийн үеэр тээвэр, жуулчдын хэт бөөгнөрөл, уур амьсгалын өөрчлөлт, хэрэглэгчдийн эрэлтэд гарч буй өөрчлөлтийн талаар голлон хэлэлцжээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн албан ёсны түнш буюу онцлох орноор Малайз улс оролцсон байна. Ширэнгэн ой, элсэн эргээс эхлээд колончлолын үеийн өнгө төрх бүхий мега хотууд зэрэг санал болгох олон сонирхолтой аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй Малайз улсын хувьд цаашид илүү тогтвортой аялал жуулчлалаар замнах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлэхээр зорьж байна. Тус улс өнгөрсөн онд 25 сая жуулчин хүлээн авсан бол энэ онд 30 сая жуулчин авахаар ажиллаж байна.

Энэ удаагийн “ITB Berlin-2019”-д манай улсын аялал жуулчлалын “Цолмон трэвел, Жуулчин”, “Ред Рок ресорт болон Монголын нууц товчоо компаниуд оролцож, Монголын сурталчилгааны талбайн нээлтэд Берлин хотын дарга Мехиель Мюллер ач холбогдол өгч оролцжээ. Үзэсгэлэнгийн үеэр “The Golden City Gate” олон улсын аялал жуулчлалын мультимедиа бүтээлийн уралдааны шагнал гардуулах ёслол болж, аялал жуулчлалын шилдэг видео клип ангилалд  "Цолмон трейвэл"  компаниас дуучин Мягмартай хамтран хийсэн Welcome to Mongolia нэгдүгээр байр эзэлжээ. ITB Berlin-2019”-д 1999 оноос хойш төлөөллөө илгээж буй манай улс 2015 онд албан ёсны түнш орноор оролцож байв.

Монгол Улс 2018 онд 529 мянган жуулчин хүлээж авсан байна. Үүнийг өмнөх жилтэй харьцуулбал, жуулчдын тоо 11 хувиар өсжээ. Аялал жуулчлалын салбарт 569 мянган ам.долларын орлого олж, 30 шахам хувийн өсөлт үзүүлжээ

相关新闻