ЦЕГ: Банкны дансаа ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох эрсдэлтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-28 11:34:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Иргэд банкны дансаа бусдад ашиглуулснаар эрүүгийн хэргийн хамтрагч болох аюултайг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.


Учир нь сүүлийн үед “Хусаад хож”, “Хаш чулуу”, “Азын хүрд” зэрэг урамшууллын тоглоом, телеграм аппликейшнээр “Даалгавар биелүүлж мөнгөтэй болоорой” гэх мэт залилангийн уриа, мөн бараа, материал, өвс, мах, өвлийн хувцас, гэр ахуйн зүйлсийг хямд үнээр хүргэнэ хэмээн урьдчилгаа төлбөр нэхэж залилах хэрэг ихсэх болжээ. Иймд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран “Дансаа бүү ашиглуул” аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. 


ЦЕГ-ын мэдээлснээр, он гарснаас хойш иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохирол бүхий 2318 гомдол, мэдээллийг бүртгэснээр 1591 гомдол (68.6 хувь)-д хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 11.4 тэрбум төгрөг (60.6 хувь)-ийн дүнтэй гүйлгээг царцаан, 671 иргэн, хуулийн этгээдийн 1.33 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.


Нийт иргэдийн 5 хүн тутмын 4 нь залилах гэмт хэрэгт өртөж байгаа нь асар том асуудал гэдгийг Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг онцолсон юм. 





Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард бүртгэсэн 38,090 гэмт хэргийн 13,393 нь залилах төрлийнх байв. Үүний 85.1 хувийг цахим орчинд үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3366 нэгжээр буюу 33.6 хувиар нэмэгджээ.


Тодруулбал, бараа, үйлчилгээ захиалж залилуулсан 3654, телеграммаар “даалгавар биелүүлэх” хэлбэрээр 767, бусдын цахим хаягийг ашиглан мөнгө гуйсан 752, сугалаа, валют солиулах зэргээр 2335 тохиолдол бүртгүүлжээ.


Иймд “Дансаа бүү ашиглуул” аян өрнүүлснээр иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг нягтлах, банкны дансаа бусдад ашиглуулахгүй байхыг онцгой анхааруулж байна. 


Энэ аянд Мета компанийн хөндлөнгийн баримт шалгах түнш, Монголын баримт шалгах төв нэгджээ. Тус төв нь Facebook, Instagram, Threads платформд түгэж буй хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, үнэлснээр үзэлтийг нь багасгаж, түгээсэн хэрэглэгч бүрд автомат мэдэгдэл хүргүүлдэг. Мөн цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэхээр 2023 онд Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс байгуулж, банк санхүүгийн байгууллагатай хамтран хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянан хязгаарладаг аж. 


Монголбанк ЦЕГ, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2”, 2021 онд "Ятгах тусам нягтал-2021", 2022 онд “Unsend-Бүү шилжүүл”, 2023 онд “Цахим зөвлөмж” зэрэг аяныг улс даяар амжилттай зохион байгуулж байв.

 

相关新闻