Даавуун уут үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлбэл нийлэг уутнаас татгалзана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-03-13 11:03:37

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхлэн хориглосон.

Шийдвэрийн хэрэгжилт хийгээд даавуун уутны олдоц хэрэглээ, ямар байгаа талаар сонирхов. Сайншанд хотын “Мөнхдүүрэн”, “Эргэл” гээд хүмүүс өргөнөөр үйлчлүүлдэг зарим зах худалдааны төвд нийлэг уутыг хэрэглээнээс бүр ч хасчихаагүй далд худалдаалж байна.

"Даавуун уутны олдоц ховор орон нутагт тэр болгон үйлдвэрлээд байдаггүй учраас хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд нийлэг уутанд хийж өгөхөөс өөр арга алга. Хэрэв олон тоогоор үйлдвэрлээд энэ нь хямт өртөгтэй байвал бид нийлэг уутнаас татгалзахад бэлэн" гэж худалдаачин өгүүлэв. Харин орон нутгаас тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор ямар ажил хийж байгааг лавлалаа. 

БОАЖЯ-ны харьяа Галба Өөш, долоодын говийн сав газрын захиргаанаас даавуун уут хэрэглэх тухай төрийн байгууллага хийгээд томоохон худалдааны төвд албан тоотоор уриалга хүргүүлжээ.

Мөн аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн дэргэдэх оёдлын цехийн үйлдвэрлэсэн 100 ширхэг даавуун торыг худалдан авч дэмжлэг үзүүлсэн аж.

Цаашид даавуун тор үйлдвэрлэгч нарыг сурталчлах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа  юм.

Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гялгар уутгүй хамт олон болох уриалгыг дэвшүүлснийг БОАЖЯ-ны харьяа Галба Өөш, долоодын говийн сав газрын захиргааныхан санаачилгыг дэмжиж оролцож буй.

Харин Сайншанд сумын ЗДТГ-аас хэрэглэгчдийн шаарлагад нийцсэн даавуун уут үйлдвэрлэсэн иргэн аж ахуй нэгжид Сум хөгжүүлэх сангаас зээлийн дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна.  

 

相关新闻