Булган сумын нэгдсэн эмнэлгийн шинэ байр ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-13 14:51:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлгийн шинэ байр ашиглалтад орлоо. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди шинэ эмнэлгийн дотоод зохион байгуулалт, орчин, үйл ажиллагаатай танилцаж, зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болов.   

Булган сумын нэгдсэн эмнэлэг нь анх 1937 онд ашиглалтад орж, 2008, 2011 онд мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон байдаг. Тус суманд шинэ эмнэлгийн барилга нэн хэрэгцээтэй байгаа хэдий ч санхүүжилт шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн юм. Энэ асуудал одоо л шийдэгдэж, улсын төсвийн 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орлоо.  

Одоогийн байдлаар эмнэлэг 64 эмч, ажилтантай, үүнээс 14 их эмч, төрөх, мэс засал, хүүхэд, дотор, эмэгтэйчүүд, шүд гэсэн долоон тасагтай, алсын дуудлагын 5, ойрын дуудлагын 2 машинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ эмнэлгийн төсөв болон орон тоо хараахан батлагдаагүй байгаа аж.

Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах зорилгоор хүчилтөрөгч, өтгөрүүлэгч, судас гэрэлтүүлэгч, дуслын автомат шахуурга, утлагын болон цусны бүрэн автомат анализаторын аппарат гэх мэт 60 гаруй сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийг  хандив  тусламж, дотоод нөөц боломж, эрүүл мэндийн яамны төсөв хөрөнгөөр шинээр авч ашиглаж байна.

Гэвч тус эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг дахин шинэчлэх шаардлагатай байгаа гэнэ. Тухайлбал, эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилж өгөхийг хүслээ. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын дарга болон тус сумаас сонгогдсон төлөөлөгчид анхаарч ажиллахаар болов.        

Булган сумын нэгдсэн эмнэлгийн шинэ барилга нь 5600 орчим мкв талбайтай, 3 давхар, 12 машины гражтай бөгөөд тархины мэс заслаас бусад төрлийн мэс засал хийх бүрэн боломжтой, орчин үеийн дэвшилтэт технологи, стандартын дагуу барьсанаараа онцлог юм.   

Цаашид улсын төсвийн 480 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажил хийж, ирэх 06 дугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа гэж холбогдох удирдлагууд мэдээллээ.

Тус эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор хөдөөгийн алслагдсан бүсэд амьдарч байгаа иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, осол, гэмтлээс үүдэлтэй нас баралтыг бууруулах, оношилгоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах давуу тал бий болжээ. 

 

 


相关新闻