ХОВД: Мөнххайрхан уулын ноён оргил 4362 метр өндөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-05 12:24:48

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн үзэсгэлэнт газруудын нэг бол Мөнххайрхан уул юм. 

Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг, мөсөн голууд бүхий өндөр уулын өвөрмөц газарзүйн тогтцыг хамгаалах, байгалийн цэнгэг усны асар их нөөцийг хадгалах, мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Алтайн нурууны ар өвөр хажуугаас эх авч урсдаг их бага олон голуудын эхийг хамгаалах, хөрсний чийгийн горимыг тогтвортой байлгах чухал ач холбогдолтойг анхаарч 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг. Мөнххайрхан сум нь аймгийн төвөөс 155 км, Улаанбаатар хотоос 1421 км зайд оршино.  


Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. 


Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил. Мөнх цас, мөсөн гол нь 200-гаад ам километр талбайг эзлэн оршино.  


Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг бол Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч тус орны гол мөрний нийлбэр урсцаас бараг 2 дахин, газар доорх хөдөлгөөнт усны нөөцөөс 5 дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоожээ. 


Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон гол Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг. Аргаль угалз, янгир, буга, ирвэс, алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ховор амьтан нутаглахаас гадна хоёр нутагтан мөлхөгчдийн олон төрөл зүйл нэг дор оршдог 4 том тархац нутгийн нэг юм.  


Монгол Улсын Улаан номд орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Вансэмбэрүү, таван салаа, хонин арц, алтан зул, жамъяанмядаг, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ.  


Голуудын татам дагуу шинэс, улаан хус, улиас, бургас, заган ой, харгана, чацаргана, сөөгөн шугуй, хайлаас, балгана ургасан байдаг.


Мөнххайрхан уул орчимд алтайн урианхай угсаатан оршин суудаг. Энэ газарт түүх, соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгаа, уулын спорт, усан спортын аялал, ердийн хөсгийн болон явган аялал, спорт ан агнуурын аялал зохион байгуулахад тохиромжтой.


相关新闻