Баг, иргэний нийтийн хурлын дарга нар номын дуу сонсов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой хэрхэн төлөвлөх, хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг хийх, хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт хэрхэн бэлтгэх тухай сургалт Сайншанд хотод боллоо.
Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамны удирдлага дор “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд Удирдлагын академи, Дорноговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан сургалтад багийн Засаг дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсгийн гишүүд оролцож мэдээлэл сонссон байна.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд багийн Засаг дарга, Иргэний нийтийн хурлын дарга, багийн ажлын албаны алба хаагчид, орон нутгийн хөгжлийн сангийн мэргэжилтэн хамгийн чухал үүрэгтэй байдаг тул тэднийг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох шаардлага байгаа гэж зохион байгуулагчид онцлов.
Сургалт хуваарийн дагуу гуравдугаар сарын 11-21-нийг хүртэл болох бөгөөд бүх сумын багийн Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсгийн гишүүд хамарна.