Энэ жил болох хурдан морины бүсийн уралдааны тов гарсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-21 14:32:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ он гарсаар улсын хэмжээнд бүс нутгийг хамарсан хурдан морины хаврын уралдаан зохион байгуулаагүй байна.


1996 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаанд анх болсон бүсийн уралдаанаас хойш 2018 оны Говьсүмбэрийн уралдаан хүртэл  хаврын уралдааныг тасралтгүй явуулсан байна. Харин энэ жилийн хувьд, Дүнжингаравын уралдааныг ирэх тавдугаар сард зохион байгуулж магадгүй байгаа аж. Хурдан морины олимп хэмээгддэг “Их хурд-8” уралдаан уламжлал ёсоор энэ жил болно.


Зуны улирлын улсын хэмжээний бүсийн зургаан уралдаан товлогджээ. Монголын хурдан морины уралдааны дүрэмд “Бүсийн уралдаан” гэдэг нь Засгийн газрын шийдвэрээр ММСУХ болон аймгуудын салбараас эрхлэн гурваас доошгүй аймгийн хурдан морьдыг хамруулан зохион байгуулдаг уралдаан юм.


Энэ жилийн Монгол Улсын бүсийн уралдаан нь бүгд нэгдсэн товтой бөгөөд долдугаар сарын 27, 28-ны өдөр болно. Баруун бүсийн уралдаан Баян-Өлгий /2012 онд анх удаа зохион байгуулсан/, Хөвсгөл /2007, 2010, 2014 онд бүс нутагтаа зохион байгуулсан/, Баянхонгор /1999, 2009, 2014 онд баруун бүсийн даншиг зохион байгуулсан/ аймагт тус тус болно. 


Мөн Говийн бүс-Өмнөговь /1999, 2003, 2007, 2011, 2015, 2016 онд улсын бүсийн уралдаан болсон/, Говьсүмбэр /1992 оны анхны Боржгон наадам, 1999, 2003, 2007 онд улсын бүсийн уралдаан зохион байгуулсан), Зүүн бүсийн уралдаан-Дорнод /2005, 2009, 2014 онд зуны улсын бүс уралдаан болсон/ аймагт тус тус зохион явуулахаар тов гараад байна.


Монголын уяачдын өдөрт зориулсан уламжлалт уралдаан наймдугаар сарын 9-нд Баянжаргаланд болно.

相关新闻