Үнэгүй олгосон өвсийг худалдаж байсныг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-21 17:12:44

Засгийн газрын тогтоолоор өвөлжилт хүндэрсэн аймгуудад үнэ төлбөргүй өвс тараасныг худалдаж байсан хэд хэдэн тохиолдол илэрчээ.

Өмнөговь аймгийн зарим суманд нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр малчдад борлуулж байсныг таслан зогсоож, мөнгийг нь буцаан олгуулсан байна. Мөн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ЗДТГ Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор үнэгүй өгсөн өвсийг малчдад олгохдоо тээврийн зардал нэмж, нэг боодол өвсийг 2000 төгрөгөөр худалдан борлуулсан зөрчил гарчээ. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр суманд Засгийн газрын 2015 оны 480, 2016 оны 67 дугаар тогтоолоор үнэгүй олгосон өвсийг малчдад олгохдоо тээврийн зардал нэмэн нэг боодол өвсийг 1000-1500 төгрөгөөр худалдаалсан нь илэрсэн байна. Иймд Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу холбогдох албан тушаалтнууд мэдээллийг нягтлаж, газар дээр нь очиж ажиллан малчдаас авсан мөнгийг нь буцаан олгосон байна.

Холбогдох ЗДТГ мөнгөгүйн улмаас тээврийн зардлаа олохын тулд үнэ нэмж зарсан гэх уг хэргийг Цагдаагийн газраас шалган малчдад мөнгийг нь буцаан өгөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байгаа аж.

Б.Туул

相关新闻