Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр тохиож байна.
Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой. Наурыз гэдэг нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Казах хэлэнд наурыз гэдэг нь жилийн эхэнд тэмдэглэгдэх өргөн олон түмний баяр, байгаль орчин, ан амьтан нойрноос сэрж амь ордог өдөр шөнө тэнцдэг цаг үе.
Казахууд энэ өдөр үндэсний хувцсаа өмсч хоорондоо золгож бие биедээ баяр хүргэж мэндчилэн, шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, амжилт бүтээл арвин байхын ерөөлийг дэвшүүлдэг. Эрчүүд хоёр гараараа барилцан цээжээ хүргэж мэндэлж золгодог. Эмэгтэйчүүд тэврэлдэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цээжээ зөрүүлж мэндэлнэ. Хоёр гараараа барилцан цээж мөргүүлнэ гэдэг нь амьдралын тулгуур эрхтэн цээж минь, амьдрах эх булаг болсон хоёр гар минь эсэн мэнд байг гэдгийг илэрхийлнэ.
Наурызын баярт зориулж чанасан толгойг настай буюу цугларагсдын ахмад нь эхэлж зүсэх учиртай. Хонины толгойн эрүүний хуйхнаас зүсч эхлээд гэрийн эзэнд, дараа нь насны эрэмбээр нь бусад хүмүүст амсуулна. Баярын хамгийн гол хоол бол “Наурыз-көже” хэмээх хоол юм. Энэ нь “Наурыз-шөл” гэсэн үг. “Наурыз-шөл” нь амьдралын долоон элементийг илтгэдэг долоон төрлийн бүтцээс бүрдэнэ. Энэ нь ус, мах, давс, өөх, гурил, будаа /цагаан будаа, улаан будаа, шар будаа/, сүү зэрэг болно. Энэ бүтэц бол баяр баясгалантай бах, азтай байх, цэцэн байх, эрүүл байх, элбэг дэлбэг байх, хурдан шаламгай байх, өсч үрждэг байх, бурхнаас өршөөлтэй байх зэргийг илтгэдэг. Казахын ёсонд Наурызаар будаатай шөл хийдэг. Үр удам нь олон байхыг бэлэгшээсэн хэрэг юм.
Хүндэтгэлийн энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг цээрлэнэ. Заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэг явдал юм. Наурыз көжег 40 айлд орж амсах ёстой гэж үздэг. Яагаад гэвэл казахууд 40-ийн тоог эрхэмлэдэг.
Казах түмний төлөөлөл өдгөө Баян-Өлгий аймагт төвлөрч амьдарч байна. Тус аймгийг 1940 оны 8 дугаар сард БНМАУ-ын Бага Хурлын шийдвэрээр байгуулсан. 93 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг. Нийслэл Улаанбаатараас 1760 км зайд оршдог, аймгийн төв Өлгий хотод 32 мянгаад хүн оршин суудаг. Ингээд Кахаз түмэндээ Наурыз буюу Нарны баярын мэндийг уламжилья.