Оюуны тамирчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-04-05 12:47:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын 9 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тус тэмцээнд нийслэл, орон нутгаас шалгарсан шилдэг 108 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж аваргуудаа тодруулах юм.

Энэ удаагийн тэмцээнд Олон улсын мастер 9, Их мастер 3, Олон улсын их мастер 4 буюу нийт олон улсын цолтой 16 тамирчин болон Гиннесийн дээд амжилт эзэмшигч эгч дүү ихэр тамирчин ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр, Өсвөрийн дэлхийн аварга, Ажнай корпорацийн тамирчин ОУИМ Э.Лхагвадулам, ОУИМ Э.Пүрэвжав тэргүүтэй шилдгүүд оролцож байгаа нь тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна.

Тэмцээний эхний хоёр төрөл болох “Нэр, царай”, “Хоёртын тоолол” цээжлэх төрөл дуусаад 3 дахь буюу “Баганан үгс” төрөл үргэлжилж байна. Тэмцээний шүүгчээр Олон улсын шүүгч Б.Баасандорж, Олон улсын шүүгч, ОУИМ Ө.Сэнгэсамдан нар ажиллаж байна. Тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэх юм. Тэмцээн маргааш үргэлжилнэ.

 

相关新闻