Улаанбаатарын “Их дуулга”-д сайн дурын 56 ажилтан ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхлэхэд гурав хоног үлджээ.
29 орны 247 жүдоч оролцох гурав дахь удаагийн тэмцээнд Н.Анужин ахлагчтай сайн дурын 56 ажилтан ажиллахаар болсон байна. Тэд тамирчдыг угтах, газарчлах, орчуулахаас гадна тэмцээний тасалбар борлуулалт, зохион байгуулалтад оролцож байгаа аж.
Монголын жүдо бөхийн холбоо энэхүү тэмцээнийг хамгийн анх 2009 онд “Чингис хаан дэлхийн цом” нэртэйгээр эх орондоо хүлээн авч байсан түүхтэй. Дөрвөн жилийн хугацаанд дэлхийн цомыг амжилттай зохион байгуулсан манай улс зэрэглэлээ ахиулж, 2013-2016 онд Улаанбаатарын гранприг анх удаа зохион байгуулсан юм. Тэгвэл 2022 оноос Улаанбаатарын “Их дуулга” болгон өргөжүүлж, 11 дэх удаагаа Олон улсын жүдо бөхийн холбооны цувралыг эх орондоо хүлээн авч байна.
Улаанбаатарын “Их дуулга”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулж байна.