“Ухаалаг ус” баримлыг 15 тонн мөсөөр бүтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр тохиож буй Дэлхийн усны өдрөөр нийслэлийн иргэдийн усны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, усыг зохистой хэрэглэж хэвших дадлыг нэмэгдүүлэхээр Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/-өөс Монголын болон гадаадын кино, танин мэдэхүйн цуврал видео болон постер танилцуулга, усны асуудлыг хөндсөн “Ухаалаг ус” мөсөн баримлыг өнөөдөр Чингисийн талбайд олон нийтэд танилцууллаа.
МУЗ нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран урлагаар дамжуулан дэлхийд болон Монгол Улсад тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах тухай олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилготой “Ухаалаг ус” төслийг санаачлан энэ сарын 19-нөөс ирэх сарын 19-нийг хүртэл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд уг баримлыг АНУ-ын Колумбын их сургуулийг төгсөгч, уран бүтээлч Ё.Төгөлдөр, уран барималч Ц.Батмөнх нарын 5 уран бүтээлч хамтран бүтээжээ.
Зураач, сийлбэрч Ц.Батмөнх хэлэхдээ, "Усаа хэмнэх хэрэгтэйг иргэдэд ойлгуулах гэж энэ баримлыг урласан. Харахад Монгол хөөмэйн аялгуу, зүрхний бичлэгийг санагдуулам хэлбэртэй. Дээрээ том том хэлбэртэй байж байгаад доошоо жижгэрсэн нь хүмүүст усаа хэмнэхгүй бол яваандаа амьдралгүй болно гэсэн утга санааг гаргахыг хүссэн. Үүнийг хийхэд 15 тонн мөс орсон. Манай баг 4 хүний бүрэлдэхүүнтэй, гурван өдрийн турш ажиллалаа" гэв.
Уран бүтээлчид усны хэт хэрэглээнээс болж байгаль дэлхий, усны нөөцөд ямар их хохирол учирч буйг шүүмжлэлт, сонирхолтой, харьцуулсан байдлаар илэрхийлжээ.
Төслийн хүрээнд урлаг, нийгэм, байгаль орчны мэргэжилтнүүдтэй хамтран олон нийт, хүүхэд залуучуудад “УС” гэсэн сэдэвт мэдлэг олгох цуврал уулзалт, ярилцлага, лекц, үзвэр зохион байгуулах юм.
Мөн АНУ-ын найруулагч Тиерри Пиантанида, Баптист Рожет-Лучайрийн “Цангасан ертөнц” киног өнөөдөр толилуулах бол найруулагч Жефф Орловскийн "Мөсөн голын мөхөл”, найруулагч Николь Ньюхамын “Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд” зэрэг баримтат киног энэ сарын 24, 26-нд тус тус үнэ төлбөргүйгээр үзүүлэх аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ