“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргыг шинээр томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-02 15:09:17

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын өчигдрийн тогтоолоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ц.Одхүүг Төлөөлөн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн гишүүнээр томилж, улмаар ТУЗ-ийн ээлжит хурлаар ТУЗ-ийн даргаар сонголоо.


Ц.Одхүү өмнө нь УУХҮЯ-нд Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, ЗТХЯ-нд Төрийн захиргаа удирдлага, Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга, мөн “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байжээ.


Харин 2022–2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэгтэй “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон, тус компанийн ТУЗ-ийн даргаар сонгогдоод байна. Тэрбээр “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн даргаар ажиллах хугацаандаа төрийн өмчит уул уурхайн компаниудын өөрчлөлт шинэчлэлийг идэвхжүүлж, нэгдлийн засаглалын тогтолцоог шинэ шатанд гаргах, компанийн засаглалын олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, нэгдлийн дунд хугацааны стратегийг тодорхойлох, бодлогын баримт бичгүүдийг батлах, нэгдсэн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх зэрэг ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. 

相关新闻