Багшийн нийгмийн асуудлыг сайжруулахад төр анхаарах цаг болсныг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-04-11 13:14:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал үргэлжилж байна.

Хурлын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,Монгол улсын эзэн нь болсон иргэн бүрийг эрүүл энх, эрдэм боловсролтой, ажил орлоготой, элбэг хангалуун, айж эмээхийн зовлонгүй, ая тухтай амьдрах нөхцөл боломжийг хангахын төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Бид сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсрол олгох сургалтын агуулгыг боловсронгуй болгохоос гадна сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгээр бүрэн хангаж, 3 ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг 2 ээлжинд шилжүүлж, хот суурин газрын хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт тавин ажиллаж байна.

Манай улсын төсвийн 20 орчим хувийг боловсролын салбарт зарцуулж, урьд өмнө хийгдэж байгаагүй их бүтээн байгуулалт 2019, 2020 онд өрнөх болно. Өнгөрсөн онд бид нийт 11 сургууль, 27 цэцэрлэг, 7 дотуур байрны барилгыг ашиглалтад хүлээн авч, хүчин чадлыг 10500 суудлаар нэмэгдүүлж байсан бол 2019, 2020 онд 61406 суудлын хүчин чадалтай 138 сургууль, 30000 орны хүчин чадалтай 207 цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулна. Манай улсын сургуулийн өмнөх боловсролын бодлого, үйл ажиллагаа зохих түвшинд үнэлэгдэж олон улсад үлгэр жишээ улс орнуудын тоонд багтаж чадсан тухай баяртай мэдээг Та бүгдтэйгээ хуваалцахад нэн таатай байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2018 оноос эхлэн цалин, хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх бодлого баримтлан, хэрэгжүүлж байгааг та бүгд мэднэ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор багш нарын цалинг 20-н хувиас дээш нэмэгдүүллээ. Цаашид ч бид багш нарын болон боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авах болно. Мөн өнөө үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн багш бэлтгэх, хөгжүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийг батлаж хэрэгжүүлэн ажиллах болно” гэв.


Их хурлын эхний өдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Багшийн хөгжил-Өчигдөр, өнөөдөр, маргааш", Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний талаарх бодлого", Монголын багш нарын холбооны ерөнхийлөгч Б.Жадамба "Улсын хөгжил хүнээс-Хүний хөгжил багшаас-багшийн хөгжил бодлогоос", УИХ-ын гишүүн, Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Учрал "Багш бол нийгмийн хөгжлийн нэгэн гол тулгуур багана мөн" сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүллээ. 


Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр сонгогджээ.


Хурлын үеэр зарим багш нарын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсов.


Хамгийн ахмад багш, өдгөө 91 насыг зооглож буй Монгол Улсын гавьяат багш Ц.Балхаажав: Миний багшийн ажил 1945 оноос эхэлсэн. Тухайн үеийн багш нар бүгдийг өөрсдөө гардан хийдэг байлаа.  Хичээлээ заана, бүжиг, урлаг уран сайхны ажлыг зохион байгуулна, настнуудад багшилна. Мөн монгол дээлтэй “Учиртай гурван толгой” дуурийг тоглож байлаа. Бүх ачаалал багшийн  толгой дээр буудаг байсан бол, одоо бүгд төрөлжиж, мэргэшжээ. Энэ нөхцөлд багш нарын хувийн хариуцлага сайн байх шаардлагатай. Өнөөдөр орчин үеийн техник технологийн боломж бололцоо нь бүрдсэн учир багш нар бүрэн гүйцэд ашиглаж, хойч үеэ сайн бэлтгээрэй гэж захих байна. Залуу багш нарт хэлэхэд өдөр бүр шинийг санаачилж, өглөө бүр шинэ санаагаар шавь нартайгаа золгож бай гэж хэлмээр байна. Багшийн мэргэжил бол мөнхийн тогтвортой зүйл биш. Өдөр бүр өөрийгөө баяжуулж, шинэчилж, баяжуулсан баялгаа шавьдаа уламжилж байх ёстой.


Өмнөговь аймгийн 23 дугаар цэцэрлэгийн багш, 24 настай Ж.Соёл-Эрдэнэ: 2018 онд МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгссөн. Хоёр дахь жилдээ багшилж байна. Залуус орон нутгийг зорьж ажилладаггүй олон шалтгаан байдаг. Миний хувьд, Өмнөговь аймгийн унаган хүүхэд. Манай аймагт оюутан залуусыг дэмжих хөтөлбөр болон тэтгэлэгт хөтөлбөр олныг хэрэгжүүлдэг. Би тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, их сургуульд сурсан мэдсэнээ түгээх ёстой хэмээн үүрэг хариуцлагаа ухамсарлаж аймагтаа ажиллах нь зөв гэдэг шийдвэр гаргасан. Ингээд ажиллахдаа энгийн цэцэрлэгт ажиллаагүй, 23 дугаар цэцэрлэгийн дэргэд тусгай хэрэгцээт бүлгийг шинээр нээсэн. Хуралд оролцож байгаа манай аймгийн багш нар аймаг, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд шийдэх багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зэрэг саналаа нэгтгэж, хүргүүлж байгаа. Залуу багшийн хувьд, ажилдаа дасах, хүүхэдтэй ажиллах туршлага бага байдаг. Багшийн үнэлгээг бичиг цаасаар биш ур чадвараар нь үнэлэх хэрэгтэй юм.


Дорнод аймгийн ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирал Г.Бүдтуяа: Орон нутгийн багш нарт орон сууцны асуудал тулгамддаг. Багшийн ажилдаа дур сонирхолтой, сайн ажиллах хөшүүрэг нь ар гэрийн аж байдал тогтвортой, сайн байх хэрэгтэй. Нөгөө талаас цалин хөлс, хөдөөгийн багшийн нэмэгдэл туйлын хангалтгүй байна. Орон нутагт ажиллах багш нарын нийгмийн асуудлыг сайжруулахад төр анхаарах цаг болсон. Манай сургуулийн хувьд, 7 сумын хүүхдүүд сурч бүрэн дунд боловсрол эзэмшдэг. Мөн хөдөө орон нутагт хамгийн их асуудалтай байгаа нь дотуур байрны асуудал. Манай дотуур байрыг 1979 онд барьсан. Одоо 40 жил болж байгаа барилга. "БАМ"-ын нэртэй 52 хүүхдийн дотуур байранд өнөөдөр 200 хүүхэд амьдарч байна. Тиймээс хөдөө орон нутгийн хүүхдийг гэр орноосоо алслагдсан ч гэсэн дотуур байранд тав тухтай амьдрах нөхцөлийг хангахад төр бодлогоо хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Багш нарын цалингийн хувьд салбарын сайд тушаал гаргаж, бүх аймгийн Засаг дарга, боловсролын газрын дарга, удирдлагад үүрэг өгч, илүү цагийн мөнгө олгож байгаа. Гэсэн хэдий ч багшийн цалин хөлс өнөөгийн нийгмийн тогтолцоо, төгрөгийн ханштай харьцуулахад асар бага. Багш нар ихэнх цалингаа сургалтын орчинг сайжруулахад хэрэглэж байна. Бага ангийн багш  сард дунджаар 40-50 мянган төгрөгийг хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэхэд зориулж байна. Энэ мөнгө нь өөрийнх нь цалингаас гарч байгаа. Орон сууцны зээл, цалингийн зээл төлөөд гар дээрээ 100-200 гаруй мянган төгрөгтэй үлдэж байна. Тэгэхээр хамгийн "эмзэг хүмүүс" өнөөдөр багш болж байна. Тиймээс төр багшийн цалинг зоригтой нэмэх хэрэгтэй. Цалин нэмэхээсээ илүү нэмэгдэл хөлсийг ахиу нэмээсэй гэж боддог. 

 

Энэ удаагийн их хурлаар 2005 оноос 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багшийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх юм.

Гэрэл зургийг Т.Чимгээ


相关新闻