Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн сургалтыг улирал бүр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,
харилцаа хандлагыг сайжруулах, ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2019
онд гарсан Эрүүл мэндийн сайдын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалт зохион
байгуулах тухай” шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн ЭМГ-аас ёс зүйн
сургалтыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Аймгийн ЭМГ-аас зохион байгуулсан энэ удаагийн сургалт “Эмнэлгийн эрх зүй ба ёс зүй,
анагаах ухааны эрх зүй, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвтэй.
Энэхүү сургалтыг Эрүүл мэндийн яамны
дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн хуульч, эмч
М.Цэрэнбат удирдан явуулж, төв хөдөөгийн 50 гаруй эмч, эмнэлгийн
мэргэжилтнүүд болон аймгийн эрүүл
мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны гишүүд,
ёс зүйн багийн гишүүд хамрагдсан байна.
Дээрх сургалтаар Үндсэн хууль болон
эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хамааралтай хууль, эрх зүйн талаар ойлголт
өгснөөс гадна Эмчийн алдаа, хууль зүйн хариуцлага, Эмч, эмнэлгийн мэргэжилтний
ёс зүйн хэм хэмжээ, Эрх зүйн бусад зөрчлүүд болон эмнэлгийн мэргэжилтний ёс
зүйн зөрчил, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны үйл ажиллагаа, өнөөгийн
төлөв байдал зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгожээ.
Эрүүл мэндийн сайдын гаргасан дээрх шийдвэрийн дагуу бүх шатны эрүүл мэндийн
байгууллагууд ёс зүйн сургалтыг сар бүр зохион байгуулах үүрэгтэй ажээ.