Дайчин тугийг Замын-Үүд, Сайншанд, Зүүнбаянд аялууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/.Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан байлдааны ялалтын 80 жилийн ой тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоолын дагуу Батлан хамгаалах яамнаас Халх голын байлдаанд оролцож байсан цэргийн нэгтгэл ангийн туг аялуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
БХЯ-ны Ахмадын хорооны дарга Бригадын генерал Д.Магсаржаваар ахлуулсан Ажлын хэсэг, Төмөр замын дуу бүжгийн чуулгын дэргэдэх ахмадын “Эгшиглэн чуулга”-ын уран бүтээлчид нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг дөрөвдүгээр сарын 15-17-нд Дорноговь аймгийн Замын-Үүдийн Хилийн цэргийн 108 дугаар анги, Сайншандын төв, Зүүнбаян дахь зэвсэгт хүчний 336 дугаар ангид зочилж байлдааны дөрвөн тугийг аялууллаа.
Арга хэмжээний үеэр залуу халуун насаа эх орны батлан хамгаалах салбарт зориулсан ахмадууд дуулж бүжиглэж, цэрэг хүний цог золбоог харуулсан юм.
Зэвсэгт хүчний ахмадууд хийгээд зочдыг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг танилцуулснаас гадна залуу халуун насаа эх орны тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд зориулсан тэдэнд баяр хүргэж талархал илэрхийлэв.
Мөн түүхэн ялалтын ойд зориулж аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас "Дайчин туг" хэмээх хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, иргэдэд сурталчилсан байна.
Цэргийн зүтгэлтнүүд, ахмадууд болон аймаг сумын удирдлагууд Дорноговь аймгаас төрсөн Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн бол холоос ирсэн зочид Ноён хутагтын музейг үзэж сонирхжээ.
Мөн
дээрх арга хэмжээ Замын-Үүдийн хилийн 0108 дугаар ангийн спорт зааланд болж сумын Засаг дарга Н.Алдарбаяр болон бусад цэрэг армийн холбогдох хүмүүс оролцож ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төлөөлөл, хугацаат цэргийн алба хаагчид болон иргэдийн төлөөлөлд "Дайчин туг"-ийн утга санаа, батлан хамгаалах салбарын бодлого чиглэлийг сурталчилсан байна.
Дорноговь аймагт эдүгээ дайнд оролцож байсан
гурван ахмад дайчин амьд сэрүүн аж төрж байгаа аж. Халх голын байлдаанд баатарлаг үйл хэргээрээ холбогддог түүхт зургадугаар морьт дивизийн үргэлжлэл бол
Зүүнбаянгийн зэвсэгт хүчний 336 дугаар анги юм.
Дорнодын домогт зургадугаар морьт дивизийн түүхэн замналаас үүдэлтэй Монгол Улсын зүүн хил хязгаарын халдашгүй дархан байдал, ард түмний үйл хэрэг, аж амьдралтай салшгүй холбоотой эл ангид 1921 онд ардын хувьсгал ялсны дараа жанжин Д.Сүхбаатарын тушаалаар зүүн хил хязгаарыг төвхнүүлэх сайд, морьт хорооны захирагчаар партизан Н.Бумцэндийг томилж байжээ.
Түүний удирдлага дор зүүн хил хязгаарыг сэргийлэн хамгаалах үүрэг бүхий морьт хороог шинэчлэн зохион байгуулснаар энэ ангийн анхны тулгын чулуу тавигдсан гэж үздэг байна.
Эх орны дорнын хил хязгаарыг сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлсэн 6 дугаар морьт дивизийг 1934 оны 07 дугаар сард их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгосон аж.
1939 оны халх голын байлдаан, 1945 оны японы эсрэг явуулсан чөлөөлөх дайнд 6 дугаар морьт дивизийг Ч.Шаарийбуу, Л.Дандар, комиссар Д.Пэлжээ нар командалж тулалдааны гол чиглэл зөвлөлтийн цэргийн ангиуд, МАХЦ-ийн бусад анги нэгтгэлүүдийн хамт тулалдаж гарамгай гавьяа байгуулсан учир 1939 оны 09 дүгээр сарын 07-нд “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан юм.
Хожим Дорнодын морьт Хороог Зүүнбаянд нүүлгэж
авчирсан түүхтэйг ахмадууд ярьсан. Монгол Улсын Батлан Хамгаалахын сайдын 2002
оны 05 дугаар сарын 10-ны өдрийн маш нууц 04 дүгээр тушаалаар Зэвсэгт хүчний
126 дугаар бригадыг ЗХ-ний Зэвсэг техник галт хэрэглэл хадгалах 6 дугаар баазын
шинэ бүтэц тайван цагийн орон тоонд шилжүүлсэн байдаг аж.
Эдүгээ Зүүнбаянгийн Зэвсэг хүчний 336 дугаар анги зэвсэг, байлдааны техник, галт хэрэглэл, материал хэрэгслийг хадгалах, хамгаалах, сэргээн сайжруулах үйлчилгээг хийж, байлдааны бэлэн байдлыг ханган, тайван цагийн орог тооны хүч, хэрэгслээр байлдааны болон олон талын үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангах үүрэгтэй ажиллаж буй.
Дашрамд дурдахад Дорноговь аймгийн Сайншанд хот эх орны дайны хүнд жилүүдтэй салшгүй холбоотой газар юм. Дайны хүнд жилүүдэд Сайншанд хотод Монгол, Зөвлөлтийн цэргийн ангиуд байрлаж Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг харийн түрэмгийлэгчдээс сахин хамгаалж байсан.
Зөвлөлтийн Улаан армийн хурандаа И.С.Дорожинский даргатай мотобуудлагын 27 дугаар тусгай бригад тус хотын урд дэнж дээр байрлаж байгаад 1945 онд чөлөөлөх дайнд оролцсон гэдэг.1945 оны чөлөөлөх дайнд хурандаа Д. Нянтайсүрэнгийн командалсан хуягт бригад эх орны дуудлагаар мордож гарамгай гавъяа байгуулсан түүх олны ам дамжин үлгэр домог мэт яригддаг.
Дорноговь аймгийн харьяат Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг болон энд цэргийн алба хааж байсан С.Дампил, Л.Аюуш, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нар Сайншандын энэ газраас дайнд оролцож улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд гарамгай гавьяа байгуулж Монгол Улсын баатар цол хүртэцгээсэн байдаг.