Олон айраг түрүү авсан амжилтаар Алтанширээ сум цомын эзэн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь нутгийн шандаст хурдан хүлгүүдийг тодруулах "Дорноговь шигшмэл хурд-2019" хурдан морины хаалттай уралдаан энэ сарын 05-нд Сайншанд сумын нутагт болж тус сумын 14 сумын уяач хурдан буянаа уяж хурдлууллаа.
Соёолон насны уралдаанд нийт 54 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэснээс Алтанширээ сумын уяач Н.Өсөхбаярын хонгор морь түрүүлсэн бол аман хүзүүнд Иххэт сумын Л.Энхбатын зээрд, айргийн гуравт Айраг сумын Н.Мөнгөнхүлэгийн сартай хээр, айргийн дөрөвт Иххэт сумын Ө.Балчинхүүгийн сартай зээрд, айргийн тавд Сайхандулаан сумын Э.Гэндэнсүрэнгийн хүрэн зээрд үрээ тус тус хурдлав.
Хязаалан насны морьдын уралдаанд 42 үрээ уралдсанаас Алтанширээ сумын Б.Оюунтулгын зээрд түрүүлж, аман хүзүүнд Эрдэнэ сумын Г.Батсайханы шарга, айргийн гуравт Мандах сумын Д. Энхтайваны будан, айргийн дөрөвт Иххэт сумын Д.Түмэндэмбэрэлийн цавьдар, айргийн тавд Сайншанд сумын Т.Батгэрэлийн хул хязаалан давхилаа.Гарааны зурхайгаас 72 их насны морь эргэхэд Эрдэнэ сумын Г.Батсайханы буурал морь магнайдаа тоосгүй түрүүлэв. Аман хүзүүнд Дэлгэрэх сумын О.Батжаргалын зээрд морь давхисан бол айргийн гуравт Сайншанд сумын О.Саруулбаярын хонгор, айргийн дөрөвт Замын-Үүд сумын Ж.Бямбацогтын халиун, айргийн тавд Иххэт сумын Н.Ононгийн хонгор морь хурдалжээ.
Энэ удаагийн уралдаанаас эхэлж “Алтан азарга” шилжин явах алтан цомыг гардуулахаар зохион байгуулагчид шийдвэрлэжээ.
Уралдаанд олон айраг түрүү авсан амжилтаар Алтанширээ сум цомын эзэн болов. Хурдан морины уралдааныг аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, “Хутагтын хурд” МСУХ хамтран зохион байгууллаа.