“Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-т иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-27 16:54:43

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах судалгааны ажлын хүрээнд 21 аймагт зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Гурван жилийн хугацаатай энэхүү судалгааны ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газраас аймгийн ЗДТГ-тай хамтран бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хэлэлцүүлгийг Архангай аймагт явууллаа.

“Бүсчилсэн хөгжлийн бодлого” зөвлөлдөх уулзалтын дараа олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид олон нийтийн саналыг боловсруулан үр дүнг нэгтгэн, орон нутгийн захиргааны байгууллага, аймаг, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн баталгаажуулах ажлыг хийх юм.

Хэлэлцүүлэгт Архангай аймгаас 19 сумын төлөөлөл оролцож, “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг”-т иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн бүтээлч саналуудыг дэвшүүлсэн байна.

Дээрх хэлэлцүүлгийн эхэнд Үндэсний хөгжлийн газар, ГИЗ /Германы хамтын ажиллагаа/, Жайка-гийн олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөллүүд “Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах арга зүй, Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн талаар мэдээлэл өглөө.

Мөн орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар илтгэлүүд ч өрнөсөн. Архангай аймаг хөдөө аж ахуйдаа түшиглэн хөгжихийг зорьж байгаа. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд таатай бүс нутаг юм. Иймд аялал жуулчлалын цогцолбор байгуулж, гадаад, дотоодын жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллавал хөгжил ойрхон байгаа тухай олон улсын байгууллагын төлөөлөл хэлж байлаа. 

相关新闻