Их говийн зоригтнуудын баатарлаг үйлсийн 75 жилийн ойг бүтээлч ажлаар угтана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-10 16:22:09

Дорноговь /МОНЦАМЭ/. "Их говийн зоригтны өлгий" гэж нутаг орноо алдаршуулсан Дорноговь аймгийн Өргөн сумын баатарлаг малчдын гавьяат үйлс бүтээсний түүхт 75 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажлын нээлт тус суманд зургаадугаар сарын 05-нд боллоо.

Сумын ЗДТГ-аас түүхт ойн жилийн ажлын нээлтийг зургаадугаар сарын 05-нд зохион байгуулж, спорт цогцолбор барих, сум орон нутгагт тохижилтын ажил хийхээр болжээ. Мөн ондоо багтааж Сайншанд-Замын-Үүд чиглэлийн замаас Өргөн сум хүртэлх 18.5 км авто замыг  ашиглалтад оруулахаар ярилцаж байна.

Мөн дээрх ажлын хүрээнд  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар 2019 оны зургаадугаар сарын 06-нд Өргөн, Эрдэнэ суманд ажиллаж, иргэдэд төрийн болон орон нутгийн бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймагт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл хийсэн аж.

Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс Өргөн сум үүсэн байгуулагдсаны 95 жил, “Их говийн зоригтон”-ны түүхт 75 жилийн ой тохиолдуулан тус сумын Соёлын төвд даралтат хөгжим, хүүхдийн цэцэрлэгт хүүхдийн тоглоом, Эрүүл мэндийн төвд нөүтбүүк зэргийг гардуулав.

相关新闻