ЕБС болон цэцэрлэгт ухаалаг утасны хэрэглээг хязгаарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-30 14:36:00

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарын санаачилгаар ерөнхий боловролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас, төхөөрөмж хэрэглэхийг хориглох тухай тэргүүлэгчдийн тогтоол гаргалаа.

Тогтоолд хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас болон төхөөрөмж авчрахгүй байхаар тусгасан бөгөөд харин хичээлийн бус цагаар хэрэглэж болох аж. Мөн дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд дотоод журам боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд товчлууртай, энгийн утсыг хэрэглээнд нэвтрүүлэхээр тусгажээ.

Тус дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн ЕБС-иудын дунд хийсэн судалгаагаар 24783 хүүхэд буюу нийт хүүхдийн 72 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Үүнээс бага ангийн сурагчдын 30 хүртэлх, дунд ангийнхны 60 хүртэлх, ахлах ангийнхны 80 хүртэлх хувь нь ухаалаг гар утас хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоожээ.

Гар утасны хэрэглээнд донтсоноос тус дүүргээс Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиник тасагт 2013 онд 38 хүүхэд хандсанаас 18 нь хэвтэн эмчлүүлсэн бол 2014 онд 49 хүүхэд үзүүлж, 36 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Харин өнгөрсөн онд энэ тоо өсч, 63 хүүхэд амбулаториор үйлчлүүлж, 42 нь хэвтэн эмчлүүлжээ. Энэ оны нэгдүгээр улиралд 23 хүүхэд тус газар үзүүлж зөвлөгөө мэдээлэл авсны 18 нь хэвтэн эмчлүүлсэн аж.

Мөн нүдний хараа муудах, нүдний эвэрлэгийн үрэвсэлээр өвчлөх хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Өнгөрсөн онд дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нүдний эмчид 15329 хүүхэд үйлчлүүлсэн бол энэ оны 1 дүгээр улиралд 5001 хүүхэд буюу нийт сурагчдын 27 хувь нь үйлчлүүлжээ.

相关新闻