Хөвсгөлд он гарсаар 56 хүн хорт хавдрын улмаас нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт эрсдэлт бүлгийн хүн амын дундаас хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг хийх, эмч эмнэлгийн мэргэжилнүүдэд сургалт зохион байгуулах, ажлын байрны дагалдан сургалтад хамруулах, мэдээлэл сурталчилгааг ард иргэдийн дунд зохион байгуулах зорилгоор “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 5 дахь удаагаа явуулж байна.
Он гарснаас хойш хавдрын хяналтад 751 хүн байгаа бөгөөд хорт хавдрын 115 тохиолдол шинээр бүртгэгдэж 56 хүн нас баржээ. Тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдар бүртгэгч 1, арьс, хавдрын тасагт 2 эмч, 1 сувилагч ажиллаж байгаа бөгөөд хими эмчилгээний 3, хөнгөвчлөх эмчилгээний 3 нийт 6 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Мөн хавдрын хөнгөвчлөх болон хими эмчилгээг тасралтгүй хийж байгаа бөгөөд энэ оны эхний 5 сарын байдлаар 86 хүнийг хими эмчилгээнд, 92 хүнийг хөнгөвчлөх эмчилгээнд хамруулаад байгаа аж.
Өнгөрсөн 5 жилийн байдлаар
1316 хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж 1017 хүн хавдрын улмаас нас барсан бөгөөд
үүн дотор элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нийт нас
баралтын 80 орчим хувийг эзэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд 2017 онд хорт хавдрын хяналтад 653 хүн
байсан бол 2018 онд 689 хүн болж 36
тохиолдлоор өссөн байна.