“Монгол шуудан” 468 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол шуудан” ХК Монголын Хөрөнгийн биржид үйл ажиллагааны оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигч болон олон нийтэд нээлттэй танилцууллаа.
Тайлант хугацаанд тус компани шуудангийн уламжлалт нэр
төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэхэд голлон
анхаарч ажиллажээ. Үүнд:
- Улс хоорондын шуудангийн үйлчилгээг хөгжүүлэх хүрээнд
дуудлагын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйл явцыг сайжруулах зорилгоор улс
хоорондын шуудангийн ялган боловсруулах төвийн барилгын ажлыг эхлүүлжээ.
- Дотоодын шуудан хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлэх зорилтын
хүрээнд дотоод шуудан ялган боловсруулах төвийг байгуулж, Төрийн цахим
үйлчилгээний нэгдсэн төвийг алслагдсан 5 сумдад нээжээ.
- Логистик үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд Улаанбаатар болон
хот хоорондын логистик үйлчилгээний төвийг шинээр байгуулж, хот хооронд өөрийн
тээврээр шуудан, ачаа тээвэрлэх үйлчилгээг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангасан
байна.
- Санхүүгийн үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр даатгалын
үйлчилгээний орлогын хэмжээг 15-аас 25 хувь болгон нэмэгдүүлэв.
- 2019 оны эхний хагас жилд 7.5 тэрбум төгрөгийн
орлоготой, 307.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 2019
онд 468 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан нь өнгөрсөн
жилийн үзүүлэлтээс 27.4 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
Хувьцааны хаалтын ханш 691.16 төгрөг, зах зээлийн үнэлгээ
68.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 19.52 хувиар, арилжаалсан
хувьцааны тоо 40.35 хувиар тус тус өссөн байна.
"Монгол шуудан" ХК-ийн олон нийтэд нээлттэй
танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж
үзнэ үү.
Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр хуваарийн дагуу “Тавантолгой” болон “ЛэндМН” ХК-иуд хагас жилийн санхүү, үйл
ажиллагааны тайлангаа тавина.
Б.Болд