Латин Америкийн орнууд нефть олборлолтыг бууруулах асуудлыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМЕХИКО. /RIA Novosti/. Латин Америкийн орнууд нефть олборлолтын хэмжээг бууруулах асуудлыг хэлэлцэхээр Эквадорын нийслэл Кито хотод баасан гарагт буюу өнөөдөр уулзана.
Ийм уулзалт хийх санаачилгыг Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа гаргасан байна. Түүний хэлснээр, уулзалтад Эквадор, Колумб болон Венесуэл улс оролцоно. Мексик улсыг уулзалтад оролцоно гэж үзэж байсан боловч тус улс оролцох эсэхээ өнөөг хүртэл шийдээгүй байгаа аж. Чухам Мексик улстай хэлэлцээ хийхэд илүү хэцүү байсныг Корреа онцлон хэлжээ.
Дээрх орнуудын уулзалтаар ямар ч шийдвэр гарсан байлаа гэсэн энэ нь нефть үйлдвэрлэгч бусад орны байр суурь, бодлогод мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна.
Дөрөвдүгээр сарын 17-нд Катарт болох уулзалтын өмнө Латин Америкийн орнууд байр сууриа нэгтгэж, хамтарсан шийдвэр гаргах нь чухал байна гэж Эквадорын Нефтийн сайд Карлос Пареха өмнө нь мэдэгдэж байв. Катарын уулзалтаар нефть олборлогч дэлхийн томоохон орнууд олборлолтоо бууруулах асуудлыг хэлэлцэх юм.
ОХУ, Саудын Арави, Катар болон Венесуэлийн төлөөлөгчид хоёрдугаар сарын 16-нд Доха хотод уулзаж дэлхийн зах зээлд нефтийн үнийг тогтворжуулахын тулд 2016 онд нефть олборлолтын дундаж хэмжээг энэ оны нэгдүгээр сарын түвшинд хадгалахаар тохиролцсон билээ. Энэ тохиролцоог зөвшөөрөхөд бэлэн гэдгээ Эквадор, Алжир, Нигери, Оман, Кувейт болон Арабын Нэгдсэн Эмирт Улс мэдэгджээ.
Д.Жаргал