Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тоног төхөөрөмж гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн “Монгол Улсад эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр 179.7 сая төгрөгийн 11 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт болон засвар үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүллээ.
ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн
тоног төхөөрөмжийн албанд Эрүүл мэндийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлыг
хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт хийх
зориулалттай 89.6 сая төгрөгийн үнэ бүхий АНУ-ын “Fluke biomedical” үйлдвэрийн 3 нэр төрлийн 7
ширхэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.
ЭМХТ нь 14 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт
баталгаажуулалтыг хийдэг байсан бол энэхүү хөрөнгө оруулалт хийснээр шинээр ургийн
монитор, нярайн фото эмчилгээний аппарат, кварцын аппаратны ажиллагааг шалгах
боломжтой болж байгаа юм.
Мөн ЭХЭМҮТ болон Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих
газар, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ нийт 26 эрүүл мэндийн байгууллагын
инженерт 90.1 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар
үйлчилгээний 4 нэр төрлийн иж бүрэн багаж, хэрэгсэл хүлээлгэн өглөө. Ингэснээр эмнэлгийн тоног
төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ тасралтгүй хийх нөхцөлийг бий болгож байна.
Эрүүл мэндийн салбарт шинээр олон програм хангамж нэвтэрч байгаагийн нэг нь “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгийн төлөвлөлтийн систем” програм бөгөөд энэхүү төслийн санхүүжилтээр дээрх 26 байгууллагын инженер бүр “Samsung Galaxy Tab A” загварын таблеттай болж байна.