Эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалт, дэвшилтэт технологийг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах хүрээнд Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр боллоо.
Энэ үеэр эрүүл
мэндийн салбарын хамт олон улс, үндэстний үнэт баялаг болсон ард иргэддээ эрүүл
мэндийг хамгаалах гол хүч болох эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт
технологи, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар
танилцуулцав.
2017, 2018
онд нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж дуусган,
ашиглалтад оруулжээ. Харин энэ онд эрүүл мэндийн байгууллагын 30 барилгыг
ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Мөн эрүүл мэндийн салбарт олон жил хүлээгдэж, царцаагдсан
бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн төсөл хөтөлбөрийг
эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгоход онцгой анхаарч байна.
Өнөөдрийн өдөрлөгт эрүүл мэндийн байгууллагын таван макетыг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Өдөрлөгт ирсэн иргэдэд Магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалтын талаарх мэдээлэл, Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, Сэтгэцийн эрүүл мэнд, Арьс, гоо засал, харшлын эмгэг, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, Эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, нарийн мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгч байлаа. Тухайлбал, ЦССҮТ олон нийтэд бодлого, үйл ажиллагаагаа тайлбарлан таниулж, сүүлийн жилүүдэд шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт технологиудаа танилцуулав. Мөн Цус, цусан бүтээгдэхүүний танилцуулгаа дэлгэрэнгүй хийж сонирхуулсан юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэн өндөр настан н.Сумьяа ярихдаа “Өдөрлөгт ирснээр би даралтаа
үзүүлж, сахарын хэмжээгээ тогтоолгосон. Миний ээж донор хүн байсан юм. Хамаатны
маань хүүхдэд цус сэлбэх шаардлага гараад цусаа өгч байсан. Одоо сайхан том залуу болсон доо.
Дүүгээ эрүүл саруул болоход өөрийнхөө чадах хэмжээнээр тус нэмэр болсон гэж
бодохоор сэтгэл өег явдаг. Хамгийн гол нь ЦССҮТ богино хугацаанд олон шинэ
технологитай болсон нь анхаарал татлаа. Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн
анхны эрүүл мэндийн байгууллага болсон талаар ажилтнууд нь тайлбарлаж байна.
Улам их амжилт хүсье” гэсэн юм.
Мөн ГССҮТ-ийн хамт олон яс үе, гар сарвуу, хүзүү нуруу, гавал тархи, хүүхдийн гэмтэл, түлэнхийн гэмтлийн чиглэлээр иргэд олон нийтэд үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгөв. Түүнчлэн энэ оны 12 дугаар сард ашиглалтад орох гэж буй 250 ортой түлэнхийн төвийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн энэ үеэр ЭМДЕГ-ын
эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж,
үйлчилгээний талаар мэдээлэл хүргэж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх
үйлчилгээг үзүүлэв. Мөн эрүүл мэндийн байгууллагуудад ирүүлсэн иргэдийн өргөдөл
гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн юм.
Эрүүл мэндийн салбар 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж, “Эмнэлгийн ажилтан- үйлчлүүлэгч-ар гэр” гэсэн харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй хандан ажиллаж байгаа аж.