Зүүн Хойд Азийн хотууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-21 14:01:10

Зүүн Хойд Азийн хотуудын “Хотын ногоон хөгжил” форум Гадаад хэргийн яамны хурлын танхимд эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус  форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг улсын 8 хотын дарга, орлогч дарга болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл форумыг нээж хэлэхдээ, “Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа Зүүн Хойд Азийн Хотын дарга нарын форумыг зохион байгуулж хотын тогтвортой хөгжлийг хангах асуудлыг хэлэлцэж, харилцан туршлага солилцсон.
Харин энэ удаад Зүүн Хойд Азийн хотууд “Ногоон хотын хөгжил” сэдвийг хэлэлцэхээр Улаанбаатар хотод чуулж байна. Хотын хүн амын төвлөрөл саарахгүй, төлөвлөлтгүй суурьшил бий болсон нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, агаар, ус, хөрсний бохирдол, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууцны хомсдол, тэгш бус байдал байсаар байна. Тиймээс энэ удаагийн хуралдаанаар хотын тулгамдаж буй асуудлуудыг оновчтой шийдвэрлэх тухай олон сайхан туршлага, яриа хэлэлцүүлэг өрнөнө гэдэгт итгэлтэй байна.
Дэлхий дахинаа болон Ази тивийн хотууд хот суурин газрын хөгжлийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнд илүү анхаарал тавих болсон. Хот суурин газрын ногоон хөгжлийн бодлогоо гаргах буй ч бохирдол, хог хаягдал, эрчим хүчний хэрэглээний өсөлт гэх мэт сорилтуудтай тулгарч байна. Эдгээр сорилтыг давахын тулд бүс нутгийн хотууд аж үйлдвэр, тээвэр, орон сууц, хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт ногоон технологи нэвтрүүлж, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчийг үр ашигтай ашиглах, амьдрах орчныг сайжруулахад анхаарал хандуулан ажилладаг болж.  Улаанбаатар хотын оршин суугчдад тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, хотод ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэх үүднээс бид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Үндэсний ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратеги”-ийн төлөвлөгөөний төслийг боловсруулж байна” хэмээн онцлов.

 Ирэх 12 дугаар сард Франц улсын Парис хотноо болох “Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21 дүгээр талуудын бага хурал”-ыг угтан “Хотын ногоон хөгжил” форумыг зохион байгуулж  буйгаагаараа онцлогтой юм. Эл  форумаас гарах уриалгыг дээрх хуралд өргөн барих юм байна.

 Эхний хуралдаанаар Зүүн хойд Азийн хотуудын  ногоон өсөлтийн хандлага, тулгарч буй асуудлууд болон стратеги бодлогыг хэлэлцсэн юм. Мөн  Хятад улсын Хайлаар хот нүүрсхүчлийн хийн гаралтыг бууруулах чиглэлээр явуулж буй санаачилгууд, Сөүл болон Улаанбаатар хотод ногоон өсөлтийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа.

Б.Заяа

相关新闻
注释