Ээдрээт цаг үед төрийн тэргүүн эх орныхоо төлөө ямар шийдвэр гаргаж байсныг үзүүлсэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-11 14:46:55

1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал, өмнөх нийгмийн сүүлчийн удирдагч Жамбын Батмөнх агсны бодит амьдралаас сэдэвлэсэн “Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” кино энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Тус киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ардчилсан хувьсгалын түүхэн үнэнийг өгүүлэх эл бүтээлд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ-ын уран бүтээлчид оролцсоноороо онцлогтой.

Тус киноны ерөнхий найруулагч А.Мөнхсүх хэлэхдээ, “Одоогоос гурван жилийн өмнө Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, зохиолч Ж.Мөнхбат бид хоёр түүхэн бүтээл хийхээр ярилцаж, зохиолоо бичихийн тулд нэлээд олон хувилбар гаргасан. Дөрөв дэх хувилбараараа кино зохиол бүтсэн. Монгол хүний хэв шинжит дүрийг гаргахыг зорин, нэлээд эрэл хайгуул хийсний эцэст монгол хүн бол уужуу, сайхан сэтгэлтэй, саруул ухаантай, тайван хүмүүс юм байна. Энэ мөн чанар энгийн үед илэрдэггүй. Хамгийн хүнд үе тохиолдоход л гарч ирдэг. 1990 оны ардчилсан хөдөлгөөний үед яг тийм зүйл тохиолдсон. Эх орны төлөө чухал шийдвэр гаргах үед уужим сэтгэл, саруул ухаанаар хандаж чадсан хүмүүсийг бид мартчихаад байна. Залуу хойч үедээ ээдрээт цаг үед хүмүүс эх орныхоо төлөө ямар шийдвэр гаргаж байсныг битгий мартаасай, тэднээс суралцаасай гэсэн үүднээс энэ киног бүтээлээ” гэв.

Эл бүтээлд түүхэн үйл явдлын нарийн мөрөөр орж, архивын протоколд тулгуурлан бүтээснээс гадна зураг авалтыг ОХУ, Дархан, Эрдэнэт, Багануурт хийжээ. Киноны 30 хувийг компьютер графикаар бүтээн, Төрийн ордныг 1974 оны үеийн байдлаар бүтээжээ.

Киноны зохиолч, ерөнхий продюссерээр Ж.Мөнхбат, ерөнхий зураглаачаар АНУ-ын иргэн Крис Мартин, зураачаар Н.Батжаргал, дууны найруулагчаар ОХУ-ын иргэн Михайл Жуков, нүүр хувиргагчаар БНХАУ-ын иргэн Хон Лу нар тус тус ажиллажээ. Харин киноны гол дүр Ж.Батмөнхийн дүрд СТА Н.Төмөрбат, Ю.Цэдэнбалд Төрийн шагналт, МУГЖ Ц.Төмөрбаатар, жүжигчин Б.Билгүүн, О.Анужин нар тогложээ.

Ж.Батмөнхийн дүрийг бүтээж байсан жүжигчин Н.Төмөрбат  зураг авалт 80 хувьтай байхад өвчний улмаас бурхны оронд одсон учраас орлон тоглогчоор Ж.Батмөнх агсны зээ  хүү Д.Энхбаатар өвөөгийнхөө дүрийг гүйцээж бүтээсэн байна.

Кинонд 100 гаруй уран бүтээлч, давхардсан тоогоор 1000 гаруй хүн оролцсон байна.

Дашрамд дурдахад, “Хүмүүн фильм”-ийн уран бүтээлчид өмнө нь “Долоон бурхан харвадаггүй”, “Саятан болгох дамжаа” зэрэг бүтээлийг үзэгчдэд хүргэж байв.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻