СЭЗИС-ийн баг “City cup-2019” тэмцээний аваргын цом өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-28 14:36:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн “City cup-2019” тэмцээн 10 дугаар сарын 26,27-нд “Big bowling” төвд болов.


Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд 20 баг оролцож, тус бүр 4 тогложээ. Авсан онооныхоо эрэмбээр 16 баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд хэсэг тус бүрээс 2 баг шалгарч хасагдах журмаар аваргаа тодруулжээ.


“City cup-2019” тэмцээний аваргын цом, алтан медалийг Санхүү эдийн засгийн их сургууль хүртэж 1,5 сая төгрөгийн шагнал хүртжээ. Мөнгөн медалийг 1,3 сая төгрөгийн хамт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг, хүрэл медалийг 1 сая төгрөгийн хамт “ТЭЦ-3” ТӨХК-ийн баг тус тус хүртсэн юм. Шагналт дөрөвдүгээр байрт “Багануур усан спорт, боулингийн төв”-ийн баг шалгарч 500 мянган төгрөг авлаа.


Мөн нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан багийг шалгаруулахад “ТЭЦ-3” ТӨХК-ийн баг тодорч 300 мянган төгрөг хүртжээ. Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс “ТЭЦ-3” ТӨХК-ийн тамирчин Ч.Элбэгзаяат (222 оноо), эмэгтэйчүүдээс “Мобиком” корпорацийн тамирчин Б.Оргилмаа (199 оноо) тодорч тус бүр 100 мянган төгрөгөөр шагнуулжээ.


Тэмцээн маш өрсөлдөөнтэй, хожил хожигдол нь ганц оноогоор шийдэгдэж байсан бөгөөд байгууллага тус бүрээр баг бүрдүүлж оролцсон нь энэ удаагийн тэмцээний онцлог байв.



相关新闻