МҮОХ-ны ээлжит бус бүх гишүүдийн хурал ирэх сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн тов албан ёсоор зарлагдаагүй ч, 10 дугаар сарын 23-нд тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хуралдаж, ээлжит бус гишүүдийн хурлыг 11 дүгээр сарын 28-ны өдөр "Чингис" зочид буудалд зохион байгуулахаар товложээ.
Энэ хурлаар МҮОХ-ын ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудлыг хөндөх магадлалтай гэсэн хүлээлт спортынхон дунд байна. Уг албан тушаалд өөрсдийн хүнээ томилуулахаар спортын хүрээнийхэн төдийгүй улстөрчдийн дунд ярьж эхэлсэн гэх шуугиан дэгдээд байгаа аж.
МҮОХ-нд бүртгэлтэй 69 спортын холбоо байдаг. Олон жил энэ албанд суусан Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар гэхийн зэрэгцээ шахалтаар ажлаа өгсөн хэмээн ярих хүмүүс ч байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа өгөхийг шаардсан гэх яриа ч байна. Түүний оронд Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярыг томилох сонирхол Ерөнхийлөгч Х.Баттулгад байгаа гэсэн албан бус мэдээлэл ч олны дунд гараад байна. Мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг Асашёорюү Д.Дагвадорж авах тохиролцоо байгаа гэх хардлага ч тус хорооныхон дунд таржээ.
Ташрамд дуулгахад, Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй байхдаа, 2017 онд тус хорооны дэд ерөнхийлөгчид өрсөлдөж байсан
юм.