Л.Пүрэвсүрэн:Орчин үеийн Монгол улсыг дэлхийд таниулах нь чухал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-21 18:51:35

 “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамнаас өнөөдөр  “Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн эхний хувилбарыг Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр  УИХ-д танилцуулжээ.

 Хэлэлцүүлгээр “Үндэстнийг брэндчлэх нь  Онолын ойлголт ба дэлхийн чиг хандлага”, “Монгол брэнд: Боломж, бэрхшээл, онцлог” хэмээх хоёр үндсэн чиглэлээр өрнөж, дүгнэлт хэсэгт “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлого” сэдвээр холбогдох салбарын мэргэжилтэн, эрдэм судлаачид санал солилцлоо. Энэ үеэр СЭЗДС-ийн судлаачид, МҮХАҮТ, Эдийн засгийн форум, Монголын бизнесийн зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөгчид илтгэл тавьсан юм.

 “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд өрнүүлж буй уг хэлэлцүүлэг салбар, салбарын чиглэлээр цаашид үргэлжлэх юм байна. Дээрх хөтөлбөрийг “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын /2015-2040 он/ баримт бичиг”-тэй уялдуулахаар Гадаад хэргийн яам анхаарч байгаагаа дуулгалаа.

 Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярихдаа, “Монгол Улсыг гадаадад сурталчлах бодлогын хүрээнд  гадаад сурталчилгааг эдийн засагтай хослуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ингэснээр Үндэсний брэндийг таниулах боломжтой. Дээрх хөтөлбөрийг боловсруулахдаа ойрын, дунд, хэтийн төлөв  хэмээн гурав хэсэгт хуваана. Өнөөдөр дэлхий дахинд монголчуудыг зэрлэг балмад улс хэмээх ойлголт байсаар байна. Үүнийг засч залруулахаас эхлээд бидэнд хийх ажил их бий. Наад зах нь монголоо гадаадад зөв таниулахын тулд түүх соёлоо сурталчлах  үзэсгэлэнг байнга зохион байгуулах шаардлагатай байна. Монгол Улс бол Чингис хааны үеийн нүүдэлчид биш орчин үеийн Монгол гэдгийг үзэсгэлэнгээр таниулах боломжтой. Орчин үеийн урлагтай, дэлхийн аваргатай, шинэ үеийн Монгол гэдгийг таниулж сурталчлах нь ойрын үед авах арга хэмжээ юм. Энэ бүхэнд зөвхөн төрийн зүгээс бус хувийн хэвшил, олон нийт, судлаачид, хэвлэл мэдээллийн хэрэгслийг татан оролцуулах нь чухал юм.  Түүнчлэн  Монголд ирсэн жуулчдыг сэтгэл өндөр нутаг буцаах ёстой.  Мөн манай яам гадаадад сошиал медиагаар дамжуулан Монголын тухай  ташаа мэдээлэл цацвал,  дор бүрт нь залруулга хийж байна” гэлээ.

 Б.Заяа

 

相关新闻
注释