Спортын анагаах ухааны албанд брэнд бүтээгдэхүүн гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТБиеийн тамир спортын хөгжлийн төв /БТСХТ/-ийн зарласан тендерт шалгарсан “Моносфармтрейд” ХХК нь гэрээний дагуу эм, эмнэлгийн хэрэгслээ тус төвийн Спортын анагаах ухааны алба /САУА/-нд өнөөдөр хүлээлгэн өгөв.
Энэ гэрээний дагуу Герман улсын Мюллер брэндийн спортын эмчийн цүнх, чемодан, үүргэвч, кинеслогийн болон тейп боолтууд, тейп боолтны зөөлөвч, халуун хүйтэн жин, жингийн бэхэлгээ, үений боолт зэрэг 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа юм. Энэ бүхэн нь тамирчдын бэртэл гэмтлийг эмчлэх, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Эдгээрийг дэлхийн алдартай тамирчид хэрэглэдэг брэндийн шилдэг бүтээгдэхүүн юм.
САУА-ны эмч илээч, мэргэжилтнүүд уг ажлын багаж хэрэгслийг нь хүлээн авснаар “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох багш дасгалжуулагч, тамирчид, бэлтгэл хангагч нарт спортын эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэхэд чухал ач холбогдолтой.
Д.Өлзий