Багш нарын 83,9 хувь нь гар утсаа унтраадаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-18 10:23:08

АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн компьютерийн багш Ч.Алтанчимэг оюутнуудын утасны хэрэглээ мөн гар утасны эерэг, сөрөг нөлөөг судлах  зорилгоор энэ оны гуравдугаар сард судалгаа хийжээ.

Тэрээр судалгаандаа нийт 31 багш, 101 оюутныг хамруулсан бөгөөд судалгааны үр дүнд багш, оюутнуудын нийт  88,8 хувь нь ухаалаг утастай байсан төдийгүй  багш нарын 83,9 хувь, оюутнуудын  85 хувь  нь  утсыг хоногийн 24 цагаар  хэрэглэдгийг тогтоосон аж. 

Судалгааны асуумжаас “Та унтахдаа гар утсаа унтраадаг уу” гэсэн асуултын хариултыг үзэхэд багш нарын 83,9 хувь нь унтраадаггүй, оюутнуудын 85,1 хувь  унтраадаггүй гэжээ. Ухаалаг утасны хэрэглээ маш өндөр байгаа боловч эрүүл мэндийн талаасаа зөв зохистой хэрэглэдэггүй нь дээрх судалгаанаас ажиглагдсаныг компьютерийн багш Ч.Алтанчимэг тайландаа тусгасан аж. 

Цаашид АШУҮИС-ийн багш, оюутнуудын ухаалаг гар утасны хэрэглээ нь эрүүл мэндэд нь хэрхэн яаж нөлөөлж байгааг үргэлжлүүлэн судлах шаардлагатай байгааг тогтоосон байна.    

Х.Эрдэнэбулган

相关新闻