Ховдоос хөрш орнууд руу нислэг хийхээр яригдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДӨнгөрсөн амралтын Ховд аймгийн Олон улсын нисэх буудалд МИАТ-ын Бойнг 737-800 онгоц Улаанбаатараас Ховдын чиглэлд нислэг үйлдлээ.
Зорчигчид нэг талдаа 174,0 мянган төгрөгөөр, 30 кг ачаа тээш үнэгүй тээвэрлэж байгаа нь нийслэлээс алслагдсан Ховд аймгийн хувьд хямд үнээр олон зорчигч нэг дор тээвэрлэж, дэд бүтцийн салбарын хөгжлийн хурдыг харуулж, алслагдсан аймгийнхны хувьд баяртай үйл явдал тохиож байна.
Бойнг том онгоцоор зорчиж ирсэн тухай Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан “Том оврын онгоцоор хямд үнээр олон зорчигч тээвэрлэх тухай аймгийн удирдлагууд бид Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ компанитай удаа дараа ярьж уулзалт хийж ирсэн. Үүний үр дүнд өнөөдөр энэ онгоц цаг хугацаа хэмнэж, хямд үнээр зорчиж байна. Өмнө нь нэг зорчигч нэг талдаа 250,0-320,0 мянган төгрөгийн үнэтэй Улаанбаатар хотр уу зорчдог байсан бол 174,0 мянган төгрөгөөр, 30 кг ачаа үнэгүй тээвэрлэж байна. Энэ нь баруун бүсийн хэмжээнд аялал жуулчлал, бүсийн хэмжээний томоохон уулзалт арга хэмжээ зохион байгуулах боломжуудыг нээж байна.
Түүнчлэн Ховдоос бүс нутгийн хөрш орнууд Казакстан, БНХАУ зэрэг орнуудын хотууд руу онгоц нислэг хийх тухай ч яригдаж байна Мөн Ховд хотоос Баян-Өлгий, Увс аймгууд руу онгоц нисэж тэндээс зорчигчид тээвэрлэж Улаанбаатар нислэг хийх юм. Монгол орны баруун бүс нутагт агаарын тээвэр эрчимтэй хөгжиж байгааг бид харж байна” гэв.
Нэг дор том онгоцоор 150-160 хүн зорчин ирж байгаа нь Ховд хотын хувийн такси, автобус, зоогийн газар, зочид буудлуудын үйлчилгээний хүрээ нэмэгдэж, ард түмний ёс заншилтай танилцах ,аялал жуулчлал хөгжих үр ашигтай олон сайхан боломжууд нээгдэж байна.
Иргэний нисэхийн Ерөнхий газар цаашид Орон нутгийн нислэгийг тогтмолжуулж баруун бүсийн аймгуудтай хил залгаа улсуудтай нислэг хийх төлөвлөгөө хэрэгжүүлэх зорилготой байгаа аж.
Баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын мөнх цаст уулс, үзэсгэлэнт нуур, нэн ховор амьтад зэрэг байгалийн сайхан хол ойрынхны сонирхлыг татдаг боловч даан ч хол, тэгээд ч онгоцоор зорчиход үнэ өндөр байдаг зэрэг асуудал ийнхүү шийдэгдэж, хүссэн цагтаа байгалийн сайхнаар аялах, олон ястан ард түмний ёс заншилтай танилцах үүд хаалга нээгдэж байна.
Ховд аймаг А.Бямбасүрэн