Хүнс үйлдвэрлэгчид хамгаалах байранд хүнсний бүтээгдэхүүн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хүнс үйлдвэрлэгчид Хамгаалах байраар үйлчлүүлэгчдэд тусламж үзүүллээ.
Тус аймгийн Хүнсчдийн холбооноос санаачлан хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дээжээс Хамгаалах байраар үйлчлүүлдэг хүчирхийлэлд өртөж буй хүмүүст хүргэж өгсөн юм. Тухайн байрыг нээгээд багагүй хугацаа өнгөрсэн бөгөөд үйлчлүүлэгчид нь ихэвчлэн бага насны хүүхдүүд байдаг аж. Тэдний аав ээж нь архидан согтуурсан, хүүхдүүдээ хайхрахгүй орхисон, хүчирхийлсэн гээд янз бүр байдаг байна. Энэхүү байр нь тохижолт сайн, иргэд өөрийн гэрт байгаа мэт тухтай байх боломжийг бүрдүүлж өгчээ.
Энд сэтгэлзүйч, эмч гээд нийтдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байна. Тэдэнд маш их хэрэгцээтэй байдаг зүйл хүнсний бүтээгдэхүүн гэж байлаа. Сэтгэл санааны дарамтад орсон иргэд маш их иддэг, тиймээс хүнсний зүйл их хэрэгтэй болдог гэсэн юм. Өмнөговь аймгийн Хүнсчдийн холбооны тэргүүн Ц.Энхтүвшин хэлэхдээ "Энэ удаад бид 300 орчим мянган төгрөгийн бүтээгдэхүүн авч ирж өглөө. Энэхүү ажлаа бид уламжлал болгон улиралд нэг удаа өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээсээ авч ирж өгч байхаар боллоо" гэлээ.

