Уул уурхайтай холбоотойгоор байгаль орчинд 540 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-12-18 13:48:19
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 21 аймагт зохион байгуулсан "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн хэлэлцэх үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга, Босоо хөх Монгол, Эрс шинэчлэл хөдөлгөөн ТББ хамтран зохион байгуулж буй энэхүү чуулганд төр, засгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл болсон 800 гаруй хүн оролцож хариуцлагатай уул уурхайн төлөө үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.


Улсын хэмжээнд уул уурхайтай холбоотой 1100 цэгт 27 мянган га газар сүйтгэгдээд байгаагаас 800 га газарт эзэн холбогдогч байхгүй бөгөөд 540 тэрбум төгрөгийн хохирол байгаль орчинд учраад байгааг БОАЖЯ-наас гаргасан мэдээлэлд дурджээ. Уулыг шинээр барьж, усыг урсгахгүйгээс цааш нөхөн сэргээлтийн асуудалд төр томоохон шийдвэр гаргаж ажиллах ёстойг "Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай" чуулганаар онцолж байна.



Монгол Улс 1993 оноос хойш 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Тусгай зөвшөөрлийг эхлээд өргөдлөөр олгодог байсан бол сүүлдээ цахимаар олгодог болсноор хэн мэдээлэлд ойр байна тэр хүн давуу байдлаа ашиглан тусгай зөвшөөрөл эзэмших боломжтой болсныг  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чуулганыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэв. Тэрбээр “Шадар сайдаар ахлуулсан тусгай зөвшөөрлийг хянах ажлын баг байгуулсан. Лиценз олголт энэ хугацаанд маш замбараагүй байсныг тогтоосон. Монгол Улс мэдээллээ нэгтгэж чадаагүй учраас лиценз олголт замбараагүй явж ирсэн гэдэг нь тодорхой байгаа юм. Иргэдийн оролцоо хангалтгүй, түүнд тавих төр засгийн хяналт байхгүй байсан учир байгаль орчин ихээхэн хохирч сүйджээ. Ямартай ч бид зөвшөөрөл бүхнийг нэг бүрчлэн үзэж, тодорхой болгож авсан. Одоо энэхүү мэдээллийн санг цахим хэлбэрт шилжүүлж лиценз тус бүрийг шалгана” гэлээ.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Яамнаас уул уурхайн салбарт хариуцлагатай ажиллаж байгааг нь дэмжиж, хариуцлагагүй уул уурхайг эсэргүүцэж байгаа. Уул уурхайг дагаад усны асуудал яригдах боллоо. Тиймээс 2012-2016 онд татан буугдсан усны агентлаг ажиллаж эхлэхээр болсон. Ингэснээр усны асуудалд төрийн хяналт орж байна гэсэн үг. Түүнчлэн уул уурхайтай зэрэгцээд бэлчээрийн даац хэтэрч найман мал байх газарт 12 мал бэлчиж байна гэсэн тоо гарсан. Мал аж ахуй, хүнс хөдөө аж ахуйн салбарынхан мөн энэ асуудлыг анхаарах шаардлагатай болж байна. Ирэх оноос Цагдаагийн ерөнхий газарт Экологийн цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж эхэлнэ. Хуулийг аргалж болдог гэдэг ойлголт байхгүй болж хууль эрхзүй болон төрийн хяналт чангарч байгаа гэдгийг уул уурхайн салбарынханд хатуу хэлмээр байна” гэв.


Хууль зөрчсөн ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг нэн даруй цуцалдаг хурдтай тогтолцоог бий болгох хэрэгтэй байгааг Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр онцлов. Тэрбээр: “Тост, Тосон бумбын нуруугаар жишээ татахад аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 32 хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоочихоод байхад тэр уурхайг хаагаагүй. Ийм тогтолцооноос болоод хүн ард, байгаль, цаашлаад улс хохирдог. 21 аймагт болсон хэлэлцүүлгийн явцад иргэдээс 200 шахам шаардлага хүлээж авсан. Иргэд ураны хайгуул, олборлолтыг хориглох, уурхайчдын цалингийн жишгийг олон улсын түвшинд хүргэх, уул уурхайд газрын гүний ус ашиглахгүй байхыг хүсэж байна. Түүнчлэн уул уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, энгийн ордыг ашиглах бодлогод өөрчлөлт оруулах чиглэлээр стратегийн ач холбогдолтой томоохон ордуудаа ашиглаад нэмж уурхай байгуулахгүй байхыг иргэд хөндөж байна” гэлээ.

 



 


相关新闻