Гэрэл зургуудаас амьтдын зан төлөвийг ч ажиж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-06 17:22:21

Завхан /МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа автомат камерын судалгаагаар 2600 гаруй гэрэл зургийг авч баримтжуулжээ.

Хамгаалалтын захиргаа нь зэрлэг амьтдын байршил, зүйлийн бүрдэл, тоо толгойг тогтоох нарийн мэдээлэл цуглуулах зорилгоор 40 гаруй автомат камерыг судалгаандаа ашигладаг байна. Автомат камерын судалгааг Отгонтэнгэрийн дархан цаазат газрын Нарт нуур, Улаагчины Хар нуурын байгалийн цогцолборт газрын Бэрх уул, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын Алаг хад, Майхан уул зэрэг газарт хийж зэрлэг амьтдын 1700 гаруй өдрийн гэрэл зураг, 600 гаруй шөнийн гэрэл зургийг авчээ.

Судалгааны дүнд халиун буга, цоохор ирвэс, нохой зээх, шилүүс мий, Алтайн хойлог, эрээнхавирга хахилаг зэрэг 70 орчим зэрлэг амьтны зургийг маш ойроос авч цахим санд хадгалжээ.

Дээрх камерууд нь хөдөлгөөний өндөр мэдрэгчтэй хэдий ч зарим гэрэл зургууд чанарын шаардлага хангахааргүй байна. Түүнчлэн зэрлэг амьтдын үр төлтэйгөө хамт болон гэр бүлээрээ байгаа гэрэл зургуудаас гадна ижил сүргээсээ тасарч буй байдал, зан төлөвийг ч дээрх гэрэл зургуудаас харж судалж болохоор байгаа нь сонирхолтой байна хэмээн Отгонтэнгэрийн УТХГЗ-аас мэдээлэв.  

Ховор амьтдын тархац нөөцийн судалгааг хийжээ

Завхан аймаг ховор амьтдын тархац нөөцийн судалгааг гаргаж ховор амьтдыг энэ жил аль болох агнуулахгүй байх болно хэмээн мэдээлэв.
Учир нь 2019 оны судалгаагаар  энэ жил Завханд халиун бугын тархац нутаг 10382.0 км2 талбайд 1664 толгой нөөцтэй. Харин бор гөрөөсний тархац нутаг 11402,3  км2  талбайд 1513 толгой, аргаль хониных 1316,6 км2 талбайд 203 толгой, янгир ямаа 2249,5 км2  талбайд 604 толгой нөөцтэй байна гэсэн дүн гарчээ.
Мөн зэрлэг гахай 3856,8 км2  талбайд 60 толгой нөөцтэй байгаа бол цагаан зээр 5821 толгой, хар сүүлт 41 толгой, евроазийн минж 50 толгой тус тус нөөцтэй гэсэн судалгааг аймгийн БОАЖГ-аас гаргажээ. Тиймээс аймгийн ИТХ-аас энэ жил ховор ан амьтдыг агнуулах зөвшөөрлийг өгөхгүй шийдвэр гаргасан байна. Ташрамд аймгийн БОАЖГ-аас өвөлжилт хүндэрсэн цаг агаарын хүнд нөхцөлд зэрлэг амьтдад 2017-2019 онд нийт 33 удаа өвс тэжээл, зарим газар мөс, цас тавих ажлыг хийжээ. Хаваржилт хүндэрсэн үед мөн зарим газар амьтдад өвс, усыг тавьж өгөх ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа талаар аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

相关新闻